Европын холбоо: Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтийг 2027 он хүртэл сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-20 17:19:08

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Европын холбоо Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх ITDM төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар “Европын Холбооны худалдааны өдөр-2024” үйл ажиллагааны үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз мэдэгдсэн юм.


Тэрбээр мөн Европын холбооноос хэрэгжүүлж ирсэн Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтийг 2027 он хүртэл сунгасан талаар мэдээллээ. Европ руу нийлүүлж буй Монголын бараа, бүтээгдэхүүний 62 хувь нь татварын ямар нэг хөнгөлттэй нэвтэрж буй бөгөөд дийлэнхийг нь ноос, ноолуур салбараас хангаж байна гэв.


ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан энэ үеэр хэлэхдээ, худалдааны итгэлт түншүүдийн нэг Европын Холбоо манай улсын уур уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлээд, хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтөд манай улс үйлчилгээ худалдааны салбарт илүүтэй анхааран ажиллах төлөвлөгөөтэй байгааг дуулгалаа.   

Шинээр эхэлж буй ITDM төслийн хувьд Монгол Улсын уул уурхайн бус экспортыг дэмжих гэсэн тодотголтой эхэлж байсан TRAM төсөл амжилттай хэрэгжсэний дүнд өдгөө дараагийн шат нь ITDM төслөөр эхэлж, гадаад худалдааг “дэмжих” гэдгээс “хөгжүүлэх” чиглэлд Европын холбоо манай улсад анхаарлаа хандуулж байна” гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан тодотгон хэллээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Монголын Худалдааг дэмжих ТРАМ төсөл нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэж, Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч ААН-ийн үйл ажиллагааг чадавхжуулсныг дурдлаа. Улмаар энэ үйл ажиллагаа нь Монголын бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг Европын Холбооны улсуудтай холбох гүүр болж чадсаныг хэллээ. Тухайлан энд ХБНГУ-ын дурдлаа. 

ITDM төслийн бас нэг зорилго нь олон улсын стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүнүүдийг улс хоорондын зах зээлд нийлүүлж, бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдааны үйл явцыг дижиталчлах, техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.


“Монгол Улс, Европын холбоо хооронд хамтын ажиллагаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Бид уламжлал болгон жил бүр уулзалтаа хийж, хамтын ажиллагааны үр дүнг хуваалцдаг билээ” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз Европын Холбооны санхүүжилтээр эхэлж буй Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төслөөс ITDM зохион байгуулсан “Европын Холбооны худалдааны өдөр-2024” үйл ажиллагааны уулзалт дээр хэлж,  бизнесээс бизнес рүү чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь чухал төдийгүй, энэ нь Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны зорилго болно гэдгийг чухалчилсан юм.


“Европын Холбооны худалдааны өдөр-2024”-өөр “Худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааны бодлогын хэвийн төлөв”, “Экспортын хөгжлийн талаарх хувийн хэвшлийн хэтийн төлөв” сэдэвт салбар хуралдаан болсон юм.




“Европын Холбооны худалдааны өдөр-2024” үйл ажиллагааны дараагаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз болон Европын Холбооны орнуудын бусад Элчин сайд нар ноос, ноолуурын “Ханбогд Кашимер” ХХК-ийн нарны эрчим хүчээр ажилладаг анхан шатны боловсруулах үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэр болон компанийн үйл ажиллагаатай танилцсан юм.

相关新闻