Тариалсан улаан буудайгаараа дотоодын гурилын хэрэгцээгээ бүрэн хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-03 08:41:16

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ургацын урьдчилсан балансаар манай улс энэ жил тариалсан улаанбуудайгаараа дотоодын гурилын хэрэгцээгээ бүрэн хангах тооцоо гарчээ.


Намрын ургац хураалтаас 255.8 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвлөгөө бий. Ирэх хаврын тариалалтад 38.6 мянга, үрийн нөөцөд 12.5 мянга, тэжээлд 24.8 мянга, спиртийн үйлдвэрлэлд 11 мянга, гурил үйлдвэрлэлд 168.9 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд 100 мянга тонн импортын улаанбуудай дутахаар байгаа аж.


Харин мал, гахай, тахиан тэжээл, спиртын хэрэгцээний улаанбуудайг импортоор хангах бодлого баримталж байгааг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл, эдийн засгийн салбаруудад баримтлах бодлогыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Түүнчлэн, ноос ноолуурын салбарт “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжсэнээр манай улс дотоодын ноолуураа 100 хувь худалдан авч, бүрэн угааж, самнадаг болсон. Зөвхөн самнах шийдвэр гаргаснаар ноолуур боловсруулах салбарт 700 тэрбум гаруй төгрөгийн нэмүү өртөг бий болжээ. Олон үйлдвэрт гадаадын хөрөнгө оруулалт орж ирж, хүнс, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд барьж байгаа юм.


Тэрбээр, “Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний хагас жилд ДНБ 5.6 хувиар өссөний 3.6 хувийг нь хөдөө аж ахуйн салбар дангаар бүрдүүлж, шинээр 58 мянган ажлыг байр бий болгосон. Эдгээр эерэг үзүүлэлт нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын IV аян”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрүүд үр дүнгээ үзүүлж буйг илтгэж байна” хэмээв.


Монгол Улсын 2026 оны төсвийн тухайд хувийн хэвшлээ дэмжсэн энэ бодлогын хөтөлбөрийг үргэлжлүүлж, хувийн хэвшилд бизнесийн эргэлт, хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгохыг нэмэх бодлого баримтална. Яам өөрийн хөрөнгө оруулалт, зардлыг багасгаж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүддээ олгох зээлийн эх үүсвэрийг нэмэхээр төсвийн төсөлд тусгажээ.


Тухайлбал, махны экспортыг эрчимтэй нэмэхээр ямар нэгэн хорио цээргүй болгож байгаа. Монгол Улсын бэлчээрийн даац 25 сая толгой малаар хэтэрсэн. Энэ жил нутаг орны 70 хувь гандуу, бэлчээрийн даац хүрэлцээгүйн улмаас 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага байгаа аж.  

相关新闻