"Гадаадын нөлөө"-ний тухай хуульд Гүржийн Ерөнхийлөгч хориг тавив
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТБИЛИСИ, 2024 оны тавдугаар сарын 19 /BBC/. Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили “гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуульд хориг тавилаа.
“Би “оросын” хуульд хориг тавьсан. Энэхүү хууль нь мөн чанараараа Оросын хууль бөгөөд манай Үндсэн хууль болон Европын бүх стандарттай зөрчилдөж, манай улсын Европын Холбоонд элсэх замд саад учруулж байна" гэж С.Зурабишвили мэдэгджээ. Түүний хэлснээр, хоригийг парламентад хүргүүлсэн байна. Гэсэн хэдий ч эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам Зурабишвилигийн хоригийг хүчингүй болгоход хангалттай олонх байгаа юм.
Гүржийн парламент “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг тавдугаар сарын 14-ний өдөр гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталсан юм. Гурав дахь хэлэлцүүлгээр уг хуулийг батлахыг 84 гишүүн дэмжсэн бол 30 нь эсэргүүцсэн байна.
Хуульд зааснаар жилийн орлогынх нь 20 гаруй хувийг гадаадын санхүүжилт эзэлж байгаа төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг "гадаадын хүчний ашиг сонирхлыг баримталж буй байгууллага" гэж бүртгэх ёстой. Энэхүү хууль нь тус улсад олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал дэгдэх шалтгаан болсон бөгөөд эсэргүүцэгчид ардчилсан эрх чөлөө, Европын Холбоонд /ЕХ/ элсэх гэсэн Гүржийн иргэдийн хүсэл эрмэлзэлд саад учруулж байна гэж үзэж байгаа юм.