Ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-06 17:00:02

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан нийт 15 хуулийн төсөл, УИХ-ын 2 тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат нар төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Энхтүвшин нар хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжихээр төлөвлөж байгааг лавласан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар хүүхдийн мөнгийг хэрхэн олгохоор тусгасан талаар асууж байлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, "Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээх, үүнтэй уялдуулан ирэх онд тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлыг 89.6 тэрбум төгрөгөөр тооцон төсөвт тусгасан байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж авах зохицуулалт хэвээр үргэлжлэх аж.

Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх 2017 онд олгохоор тогтжээ. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, малчид, тариаланчдыг дэмжих ажлыг зохион байгуулж байна.

Хүүхдийн мөнгөний тухайд, төсвийн орлогын боломж хомс, эх үүсвэр дутагдалтай байгаа хүндрэлийн улмаас 2012 оноос хойш олгож ирсэн хүүхдийн мөнгийг ирэх 2017 оны тухайд зорилтот бүлгийн өрхүүдэд буюу нийт өрхийн 60 хувьд олгохоор төлөвлөж, шаардагдах эх үүсвэрийг төсөвт тусгасан гэлээ. Үлдсэн 40 хувьд нь 2019 оноос нөхөн олгоно" хэмээв.

Асуулт хариултын дараа зарим гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлснээр 2017 оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Б.Туул

相关新闻