БАЯН-ӨЛГИЙ: Орон нутагт бүтээгдэхүүн үйлчилгээнд халал стандартын гэрчилгээ олгох боломж бүрдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Экспортыг дэмжих төсөл”-ийг Дэлхийн банкны санхүүжилтээр 2020 оноос хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас тохирлын үнэлгээ, чанарын баталгаажилтын байгууллагуудын чадавхыг сайжруулж, арга аргачлалаар хангах, хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн "Сертф аженси" компанид техникийн туслалцаа үзүүлcэн билээ.
Учир нь манай улс экспортод бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад саад болж буй нэг томоохон хүчин зүйл нь бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын үнэлгээ, чанарын баталгаажилтын асуудал байдаг аж. Иймээс "Экспортыг дэмжих төсөл"-өөр баталгаажилтын үйлчилгээ, чанарын удирдлагын тогтолцоог сайжруулахаар тусгасан байна.
"Сертф аженси" компани нь Персийн булангийн орнуудын Итгэмжлэлийн байгууллагын зохих шаардлагуудыг хангасан тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас “Халал хүнс. 2-р хэсэг. Халал баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага-GSO 2055-2:2021” стандартын итгэмжлэлийн гэрчилгээг энэ сарын 10-ны өдөр албан ёсоор гардуулан өглөө.
Ийнхүү орон нутгийн аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээнд халал стандартын гэрчилгээ
олгох боломж бүрдэж байна.