Социалистууд Каталоны сонгуульд ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-13 09:06:36

МАДРИД, 2024 оны тавдугаар сарын 13 /Politico/. Ням гарагт болсон Испанийн Каталон мужийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Педро Санчесийн тэргүүлдэг Социалист нам хамгийн олон санал авсан нь Ерөнхий сайдын нэр хүндийг өсгөж, салан тусгаарлах үзэлтнүүдийн хөдөлгөөнд цохилт боллоо.


Каталоны салан тусгаарлах үзэлтнүүдийн намууд эвслийн засгийн газар байгуулахад шаардагдах 68 суудлыг авч чадаагүй байна.


Харин социалистуудын Каталоны жигүүрийн удирдагч Сальвадор Илла сонгуулийн дүнгийн талаар хэлэхдээ “мужид шинэ эринг эхлүүллээ" гэж дүгнэсэн бол түүний нам олонх болж чадаагүй тул засгийн газрыг байгуулахын тулд танхимын бусад гишүүдтэй хэлэлцээ хийх шаардлагатай болно.


Саналын хуудасны 99 хувийг тоолсны дараах байдлаар, социалистууд Каталоны парламентын 135 суудлаас 42-ыг нь авчээ. Харин 2017 онд Каталоны ерөнхийлөгч байхдаа Испаниас салахыг оролдож байсан Карлес Пучдемоны удирдсан салан тусгаарлах үзэлтнүүдийн Жунтс нам 35 суудал авч хоёрдугаарт жагссан бол салан тусгаарлагч ERC” нам 20 суудал авсан байна.


Ингэснээр сонгуулийн дүн К.Пучдемоны ирээдүйг тодорхойгүй болгож байна. Санал хураалтын өмнө тэрбээр хэлэхдээ "бүс нутгийн ерөнхийлөгчөөр сонгогдохгүй бол улс төрийг орхино" гэдгээ мэдэгдэж хүнд хэцүү жилүүдийн дараа жаахан амрах хэрэгтэй гэж байв.


Ням гарагт Каталоны сонгогчид баруун төвч үзэл баримтлалтай Ардын намыг дэмжсэнээр парламент дахь суудлынх нь тоо гурав байснаа 15 болж нэмэгдсэн байна.




相关新闻