ХОВД: Энэ онд дугуйн спортыг хөгжүүлэх 10 орчим тэмцээн, аялал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-29 18:33:42

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймагт дугуйн спортыг хөгжүүлж байгаа ганц клуб нь  “Монгол алтай” дугуйн холбоо юм.

Тус холбоо одоогоор 30 орчим тэргүүлэгч гишүүнтэй. Он гарсаар холбооны удирдлага, зохион байгуулалтыг шинэчилсэн ба дулааны улиралд унадаг дугуйн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, унадаг дугуй сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий 10 орчим тэмцээн, уралдаан, аялал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд уулын дугуйн эхний тэмцээнийг өнгөрсөн амралтын өдөр (2024.04.28) "Улирлын нээлт-2024" сэдвийн хүрээнд өрнүүллээ.

Тэмцээнд өсвөр үе, залуус, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож, 6-10 км замыг туулан шилдгүүдээ тодруулжээ.

Тэмцээнийг зохион байгуулахад Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, "Монгол Алтай" дугуйн холбоо хамтран ажилласан ба тэмцээнд оролцогчид "Байгалиа хамгаалья" аянд нэгджээ.


Энэ удаагийн тэмцээн
нь уулын дугуйн спортоор хичээллэгсэд, хүүхэд, залууст зөв төлөвшил, эерэг хандлагыг бий болгох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, улс, бүсийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад чухал ач холбогдолтой байв. 


相关新闻