Колорадод дэгдсэн түймэр 5500 акр газрыг хамарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНПУЭБЛО. /AP/. АНУ-ын Колорадо муж улсын төв хэсэгт дэгдсэн түймрийн улмаас 2000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Түймэр хэдэн мянган акр газрыг хамарсан бөгөөд нэлээд хэдэн айлын байшин шатсан байна. Пуэбло хотын цагдаагийн газрын дарга хэлэхдээ, түймэр улам хүчээ авч магадгүй тул тус газрыг орхин явахыг анхааруулсан байна.
Хээрийн түймэр одоогийн байдлаар “Beulah” хөндийн 5500 акр газрыг хамраад байгаа бөгөөд 14 барилга байгууламж түймэрт автаад байна.
Түймэр гарсан шалтгаан нь тодорхой бус байна. Түймэр нь даваа гарагт гарсан бөгөөд маш богино хугацаанд хүрээгээ тэлсэн гэж албаныхан мэдэгджээ.
Мягмар гарагт гал унтраах багийнхан түймрийг цурманд оруулсан боловч бүрэн унтраахад нэлээд хүндрэлтэй байгаа ажээ.
Түймэр Пуэбло хотоос өмнө зүгт 25 бээрийн зайд, Денвер хотоос өмнө зүгт 140 бээрийн зайд гарсан байна. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа даваа гарагийн оройны 6 цаг орчимд эхэлж, 700 өрхийн 1950 оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. 400 гаруй гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Агаараас ус цацагч нисэх онгоц болон нисдэг тэргүүд үе үе ус цацаж түймрийн эрчийг сааруулахыг оролдож байгаа юм.
Гал сөнөөгчид түймрийн хамарч буй хүрээг таамаглан гаргаад байгаа ч “Beulah” хөндийд ихээхэн хохирол учруулж магадгүй байгаад ихэд түгшиж байна. Түймрийг унтраахад салхины чиг ихээхэн хүндрэл учруулж байгаа ажээ.
Холбооны онцгой байдлын ерөнхий газар 700 гаруй барилга байшинг сүйтгэж болзошгүй байгаа уг түймрийг унтраахад холбооны сангаас дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.
Х.Сарнай