В.Путин, Ким Жөн Ун нарын өмнө бөхөлзөж байна гэж Трампыг шүүмжлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./TASS/. АНУ-ын дэд Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Тимоти Кейн телевизийн мэтгэлцээний үеэр хэлэхдээ “Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Трамп нь В.Путин, Ким Жөн Ун, Муаммар Каддафи, Саддам Хуссейн нарын өмнө бөхөлзөж байна, энэ хүмүүсийн хөрөг бүхий Рашмор уулын өөр нэгэн хувилбарыг бий болгох гэж байна” гэж шүүмжилжээ.
Мэтгэлцээн Виржиния муж улсын Фармвилл хотын Лонгвудын их сургуулийн байранд мягмар гарагийн орой болсон юм.
Америкийн олон нийт Рашмор уул гэдгийг Ж.Вашингтон, Т.Жефферсон, Т. Рузвельт, А.Линкольн нарын аварга том чулуун дүрсүүдээр төсөөлөн ойлгодог билээ. Ийм учраас Кейний хэлсэн үг Америкийн хэвлэлүүдийн анхаарлыг ихээр татсан байна.
Тухайлбал, Политико сонинд бичсэнийг үзвэл “Кейний хэлсэн үг бодит байдалд огт нийцэхгүй. Трампын хувьд Путины талаар магтсан үг хэлсэн нь үнэн, харин Умард Солонгосын одоогийн удирдагч болон Ирак, Ливийн хуучин удирдагчдын талаар магтан сайшаасан зүйл хэзээ ч ярьж байгаагүй” гэжээ.
Сонгуулийн өмнөх халз тулаандаа “орос хөзөр” дэлгэж, бодит баримтуудыг гуйвуулж буй Кейнийг түүнийи өрсөлдөгч болох Бүгд Найрамдах намаас дэд ерөнхийлөгчид өрсөлдөж буй Майкл Пенс шүүмжилсэн байна. Тэрбээр хэлэхдээ, Трампын хамт засгийн эрхэнд гарсан тохиолдолд шинэ засаг захиргаа “хүч түрэх байр сууринаас энх тайвныг тогтоох” бодлого явуулах бөгөөд ингэснээр бусад улсууд, түүний дотор Оросын хүндэтгэлийг хүлээх болно гэжээ.
Х.Сарнай