Обама, Ди Каприо нар цаг уурын өөрчлөлтийн талаар ярилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2016-10-05 10:50:50

ВАШИНГТОН. /UPI/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама цаг уурын өөрчлөлтийн талаар кино жүжигчин, НҮБ-ын энхийн элч Леонардо Ди Каприотой уулзаж ярилцсан байна. 

Техасын Остин хотод болдог баруун өмнөдийн наадмын хүрээнд энэ хоёр эрхэм даваа гарагт Цагаан ордны зүлгэн дээр уг асуудлаар ярилцжээ. Тэдэнтэй хамт Техасын Текникийн их сургуулийн агаар мандлын шинжлэх ухааны профессор Катрин Хэйхое байлцжээ.

Тэд цаг уурын өөрчлөлтийн талаар хэлэлцэж, үүний дараа  дэлхийн дулаарлын хор нөлөөний талаар өгүүлдэг Ди Каприогийн найруулсан “Үерийн өмнө” гэдэг шинэ баримтат киног үзжээ.

Хувийн тийрэлтэт онгоцоороо зугаалж, дарвуулт завин дээрээ үдэшлэг хийнгээ байгаль орчныг хамгаалж байна гэсэн шүүмжлэлд өртөөд буй Ди Каприо Ерөнхийлөгчөөс ярилцлага авахаар болсон бөгөөд байгаль орчны асуудлаар бусдыг гайхалтайгаар манлайлж байгаад нь Обамад талархал илэрхийлсэн байна.

Хувийн тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцоороо зугаалж байгаа нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах тухай түүний ярьж байгаатай нийцэхгүй гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм.

Даваа гарагийн орой Ди Каприо хэлсэн үгэндээ "уур амьсгалын өөрчлөлтийн аюулын талаар шинжлэх ухааны баримт бий, харин одоо үүний талаар маргах шаардлагагүй” гэжээ. Мөн тэрбээр "үүнд итгэхгүй байгаа хүнээр төрийн алба хашуулж болохгүй" гэжээ.  

Ди Каприогийн энэ үг Дональд Трамп руу чиглэсэн байж магадгүй юм. Учир нь Д.Трамп цаг уурын өөрчлөлт гэдэг бол дэлхий нийтийг хууран мэхлэх гэсэн хятадуудын оролдлого гэж хэлж байсан юм.

Х.Сарнай

 

相关新闻