БАЯНХОНГОР: Улаан номд орсон олон зүйл шувууг Бөөнцагаанд харах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-10 17:47:49

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нуурт 96 зүйлийн шувуу хуран цугладаг. Тухайн бүс нутаг нь гэрэл зурагчид, шувуу сонирхогч, байгаль шимтэгч хэн бүхний сэтгэлийг татах хамгийн сонирхолтой газар.


Бөөнцагаан нуурт олон улсын Улаан номд орсон борцгор хотон, хошуу галуу, усны нөмрөг бүргэд, реликт цахлай, жороо тоодгой, азийн цууцил тогтмол үзэгдэнэ. Евразийн хээр ба цөлийн биомын шувуудыг тэтгэдэг тус нуурт монгол ногтруу хэдэн зуун мянгаараа сүрэглэн нисэхийг харж болно.


Мөн Монголын улаан номд орсон цагаан зээр, хар сүүлт, загаснаас нохой сугас, давжаа сугас бий. 


Монгол оронд урсдаг хамгийн том талбайтай нууруудын эхний аравт Бөөнцагаан нуур ордог. Нуурын урт нь 24 км, өргөн нь 11 км, дундаж гүн нь 9.3 метр, хамгийн гүн цэгтээ 16 метр хүрдэг байна. 


Бөөнцагаан нуурт 99 гол, горхи нийлж мөрөн болоход ганцхан гол дутсан гэдэг Байдрагийн гол цутгадаг. Нууруудын хөндий дэх бусад нууртай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцод бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй.


Бөөнцагаан нуур 12 дугаар сараас 4 дүгээр сарын эцэс хүртэл хөлддөг. Нуурын урд хэсэг заган төгөл, түүний өмнө Говь-Алтайн нурууны уулс, нуурын хойд талаар Шалын хоолой зэрэг говирхог өргөн хөндий үргэлжилнэ. Нуурын зүүн талын зэгс, өндөр өвс арвинтай нууранд шувууд элбэг бөгөөд олноор үүрлэж өндөглөнө.


Энэхүү нуур ба том нуур хоёрын хооронд нарийн хойг бий. Нуурын орчин тойрны нутгийг малын бэлчээрээс өөр зүйлд ашигладаггүй бөгөөд аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой бүс нутаг болохыг мэргэжилтнүүд хэлдэг.


Бөөнцагаан нуурын домог

Эрт галавын үед хорон санаат баян ноёны санаархаж байсан үзэсгэлэнт бүсгүй нутгийн ядуу бор залуу хоёр хайр сэтгэлтэй болжээ. Тэр хоёрыг элдвээр оролдоод ч салгаж чадсангүй. Тиймээс хоёуланг нь хороож, хангайн уулын өвөрт нутаглуулжээ. Гэтэл тэнд нь хоёр сайхан мод ургаж, орой оройгоор нийлж мөчир нь хоорондоо сүлжин найрсан ургасан байна. Өширсөн баян тэр даруй модыг хөрөөдүүлж, шатаагаад үнсийг нь хоорондоо гурван өртөө хол зайтай хоёр ууланд аваачиж булжээ. Төдөлгүй тэр хоёр цэгээс нэг нэг булаг оргилон гарч, замын булаг шандтай нийлэн томорсоор гурван өртөөний цаана хоёул хоорондоо уулзан нийлж нэг том гол болон урсаж, Алтайн нурууны ар хоолойд тогтон, Бөөнцагаан нуурыг үүсгэсэн гэдэг.


Сонирхуулахад, Тус нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөнцагаан хэмээн нэрийдсэн түүхтэй.





相关新闻