ОРХОН: Хойд бүсийн Өрхийн анагаах ухааны хөгжлийн бодлого боловсруулах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-09 12:21:56
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хойд бүсийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чуулга уулзалт Орхон аймагт боллоо.


Уулзалтад Булган, Хөвсгөл, Орхон аймгийн 80 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдлагууд оролцож, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлын талаар  хэлэлцлээ.  


Орхон аймгийн эрүүл мэндийн 167 байгууллагад 2073 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд сүүлийн гурван жилд сургалт, нөлөөлөл, нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд давхардсан тоогоор 7000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан хамрагдаж, орон нутгийн төсвөөс 285 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.


Мөн сүүлийн гурван жилд барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг сайжруулах зорилгоор аймгийн эрүүл мэндийн салбарт улс, орон нутгийн төсвийн 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 

 

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр БНСУ–ын Дэгү хоттой хамтран ажиллах гэрээ, Бусан хоттой хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, алсын зайн оношилгоо нэвтрүүлснээр эмч мэргэжилтнүүд туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх боломж нээгдсэн талаар Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат зөвлөгөөний үеэр дурдлаа.


           

Хөвсгөл аймагт  стандартад нийцсэн ӨЭМТ-ийн барилга дутагдалтай байна

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Өрхийн эрүүл мэндийн таван төв бий. Үүнд 80 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, 42 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ сайн ч, залуу боловсон хүчнийг чадавхжуулах богино хугацааны сургалт, стандартад нийцсэн барилга байгууламж дутагдалтай байгааг хэлж байна.

Харин үүнд жишиг болох сайн туршлагууд Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байгаа нь давуу тал юм. Тиймээс харилцан туршлага судалж, хамтдаа хөгжих боломж бүрдэж байна гэж Хөвсгөл аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хэлж байлаа.


Чуулга уулзалтын үр дүнд:

·     Монголын Өрхийн анагаах ухааны Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөнийг жилд 2 удаа зохион байгуулах

·   Бүсчилсэн хамтын ажиллагааг бий болгож хүний нөөцийн ур чадварыг сайжруулах, ажлын байрны богино хугацааны харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулах

·   Орхон аймгийн БОЭТ-ийн төгсөлтийн дараах сургалтын албатай хамтран Өрхийн анагаах ухааны чиглэлээр хойд бүсийн хэмжээнд мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах

·     Эрүүл мэндийн салбарын нэгдсэн программтай болгох

·   Хүн амын өвчлөл, нас баралт, дундаж наслалтын бүсчилсэн судалгаа, шинжилгээний ажил хийж судалгааны үр дүнд тулгуурласан цаашдын өрхийн анагаах ухааны хөгжлийн дунд хугацааны бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах

·   Эрүүл мэндийн анхан шатны суурь тусламж, үйлчилгээтэй холбоотой нийтэд тулгамдсан асуудлыг бүсийн хэмжээнд шийдвэрлэх

·      Өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах

·      Өрхийн эмнэлгийн байрыг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах шийдвэрүүдийг хэлэлцэн баталлаа.

\Мөн Орхон аймгийн “Энхжихмандариваа”, “Мөнхсүндрэл”  ӨЭМТ-үүдтэй туршлага судлан үйл ажиллагаатай танилцсанаар дууссан юм.

 

相关新闻