Шинэ Зеланд улс визийн журмаа чангатгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-04-08 12:18:12

ВЕЛЛИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /CNN/. Шинэ Зеланд улс “шилжилт хөдөлгөөн тогтворгүй" байгаатай холбогдуулан визийн журмаа чангатгаж, англи хэлний мэдлэгийн ба ур чадварын шалгуурыг нэмж тогтоох, ажиллах зөвшөөрлийн хугацааг богиносгох шийдвэр гаргажээ.


Итгэмжлэгдсэн ажил олгогчийн визийн /AEWV/ журамд гарсан өөрчлөлтүүд тэр даруй хүчин төгөлдөр болсон бөгөөд дотоодын хөдөлмөрийн зах зээлийг илүү сайн судалж, шинэ зеландчуудын ажилгүй болох эрсдэлийг бууруулахыг эрмэлзэж байна гэж тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн яамны сайд Эрика Стэнфорд хэллээ.


2023 онд гадаадын 173 мянган иргэн тус улсад цагаачилсан байна. Сайдын ярьснаар, боловсрол зэрэг салбарт ур чадвартай ажилтнууд дутагдалтай байгаа хэдий ч ур чадвартай ажилтнуудын хомсдолгүй ажлын байрнуудад шинэ зеландчуудыг ажиллуулахыг чухалчилж байгаа ажээ.


AEWV журамд оруулсан өөрчлөлтүүд нь англи хэлний мэдлэгийн доод түвшин, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвартай холбоотой шинэ шаардлагуудаас гадна визийн дээд хугацааг гурван жил болгон богиносгох зэргийг хамарчээ. Ингэснээр ажил олгогчид цагаачдыг ажилд авахаасаа өмнө эдгээр шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлах шаардлагатай ба цагаачдад ажил санал болгохоосоо өмнө Шинэ Зеландын иргэн ажилд орох хүсэлт гаргасан эсэхийг мэдсэн байх ёстой.


Мөн Шинэ Зеландын Бизнес, инновац, хөдөлмөр эрхлэлтийн яамны мэдээлснээр, ажил олгогчид хамгийн багадаа 21 хоногийн хугацаанд ажлын байрны зараа сурталчлах ёстой бөгөөд өргөдөл гаргасан шинэ зеландчуудыг яагаад ажилд аваагүй болохоо тайлбарлах ёстой. Гэхдээ тээвэр, халамжийн салбарын зарим ажлын байрнууд эдгээр шаардлагаас чөлөөлөгдөнө гэж тус яамны цахим хуудсанд бичжээ. 




相关新闻