“Бичил Глобус”-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бичил Эй Би Эс
лояалти ТЗК” компани хөрөнгөөр баталгаажсан “Бичил 3.0” үнэт цаасыг хөрөнгийн
зах зээл дээр олон нийтэд санал болгосон юм.
Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа дөрөвдүгээр
сарын 2-нд амжилттай болсноор үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр,
дөрөвдүгээр сарын 5-наас эхлүүлээд байна.
“Бичил Эй Би Эс лояалти ТЗК” нь 24 сарын хугацаатай,
жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй,
нийт 20 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 200 мянган ширхэг, хөрөнгөөр
баталгаажсан үнэт цаасыг нийтэд санал болгосон юм.
Улмаар арилжааны системд дээрх хэмжээний хөрөнгөөр
баталгаажсан үнэт цаасыг худалдан авахаар нийт 90 хөрөнгө
оруулагчаас 91 захиалга ирж, анхдагч зах зээлийн арилжаа хаагдсан юм.
Тодруулга: Хөрөнгөөр баталгаажсан
үнэт цаас гэдэг нь ирээдүйд олох орлогоор хөрөнгийн багц бүрдүүлэн, тусгай
зориулалтын компани байгуулж, олон нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал
болгодог үнэт цаасжуулсан санхүүгийн хэрэгсэл юм.
Банк, санхүүгийн байгууллагын хувьд зээлийн эргэн төлөлтийн
баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлийг багцлан шинэ үнэт цаас гаргах үйл
явц юм. Мөн шинээр эх үүсвэр татаж, шинэ зээлдэгч нарт зээл олгох, хөрвөх
чадвараа сайжруулах боломж аж.