БУЛГАН: “Урьтаж бэлдье” өдөрлөгөөр оюутан, сурагчид олон чадвар эзэмшжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Онцгой байдлын газар, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Булган салбар, Улаан загалмайн дунд шатны хороотой хамтран ЕБС-иуд болон МСҮТ-ийн оюутан, сурагчдад газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах “Урьтаж бэлдье” өдөрлөгийг гуравдугаар сарын 29-30-нд зохион байгууллаа.
Өдөрлөгөөр Одон орон геофизикийн хүрээлэнгийн товч танилцуулга болон газар хөдлөлтийн тухай ойлголт, газар хөдлөлтийн үед багаж хэрхэн ашиглах зааварчилгаа, объектын гал түймэр унтраах тусгай зориулалтын хувцас хэрэгсэл өмсөх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өртөөгөөр аялуулан бодитоор туршуулан сонирхуулсан юм.
Оюутан, сурагчид өдөрлөгийн үеэр олж авсан мэдлэгээ “Нээлттэй микрофон”-оор илэрхийлж, танин мэдэхүйн “АХА” тэмцээнээр оюун ухаанаараа өрсөлдөж, идэвхтэй оролцсон сурагчдыг шагнаж урамшуулжээ.
Өдөрлөг Булган аймгийн Скаутын холбооны гишүүн сурагчдын “Флаш моб” бүжгийн үзүүлбэрээр дууслаа.
Оюутан сурагчид газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх аюул ослын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах анхан шатны тусламж үзүүлэх зэрэг хүн бүрийн зайлшгүй суралцах чадварыг эзэмшиж, газар дээр нь туршиж үзсэндээ сэтгэл таатай байлаа.
Он гарсаар Булган аймагт газар хөдлөлт бүртгэгдээгүй байна.
Ташрамд, Булган аймагт 2010-2023 онд 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 8 удаа мэдрэгдэж байсан байна