М.Энхболд: Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөх цаг болсон
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ улс орны санхүүгийн байдал хүндэрсэн ч асуудалд улс төржилгүй бодит байдалд шударгаар хандах хэрэгтэй.
Ийм нөхцөлд макро эдийн засгийн зохицуулалтаа оновчтой болгон, хувийн хэвшлийг бүх талаар дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн хүндрэлээс гарах нь чухал. Түүнчлэн гацаанд ороод олон жил болж байгаа томоохон төслүүдийг хөдөлгөх цаг нь болсон. Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, хэрэгжүүлэх тухай саналаа УИХ-д оруулан, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя хэмээн онцоллоо.
УИХ-ын дарга цааш хэлэхдээ, "Монгол Улсаа хөгжүүлэхэд Ардын намын зам, Ардчилсан намын арга гэж тэс өөр зүйл байх ёсгүй, харин зөвхөн “Зөв арга зам” л байх ёстой гэдэгт итгэлтэй байна. Бидний монголчуудад XXI зууны гараан дээр олон улсын тавцанд улс төр, эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсох үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж олдоод байгааг ухамсарлаж, үндэсний ашиг сонирхлоо тэргүүн зэрэгт тавьж Монголоо гэсэн чин сэтгэлээр ажиллаасай гэж улс төрчдөөс хүсч байна. Бидэнд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс илүү хүнд суртал, дарамт шахалт, хууль зүйн тогтворгүй орчин, үл ойлголцол, нэг цонхны бодлогогүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалах томоохон хүчин зүйл болсоор байна. Үе үеийн эрх баригчид хөрөнгө оруулалтын орчныг засч сайжруулахыг эрмэлзэж, тодорхой хүчин чармайлт гаргадаг хэдий ч үр дүн чамлалттай байсаар байна. Төрийн хүнд суртал, үр ашиггүй зохицуулалтыг арилгахад чиглэсэн бодлогын зоримог өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Гаргах шийдвэрүүд амаргүй, олон нийтэд тэр бүр таалагдахгүй байж болох хэдий ч дунд, урт хугацаанд өгөөжөө өгч, ирээдүйн хөгжлийн суурийг тавих шийдэл дээр харилцан ойлголцож, нэгдсэн шийдвэрт хүрэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллах учиртай" гэсэн юм.
Үүний зэрэгцээ Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг шударгаар зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсний зэрэгцээ бичин жилийн өвлийг өнтэй давах бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй хэмээн УИХ-ын дарга М.Энхболд санууллаа.
Б.Туул