БАЯНХОНГОР: Томоохон төслүүдтэй уялдуулан орон нутгаа хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 100, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 36 ААН байгаагаас өнөөдрийн байдлаар 15-20 ААН тогтмол үйл ажиллагаа явуулж, жилд 700-800 хүнийг ажлын байраар хангаж байна.
Баянхонгор аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх гурван талт бодлогын нэг болох уул уурхайн салбараа хариуцлагатайгаар хөгжүүлэхийг орон нутаг чухалчилж байгаа юм.
Улсын хэмжээнд ач холбогдол томоохонд тооцогдож буй “Эрдэнэ монгол” ХХК-ийн Баянхөндий алтны төсөл, “Секор ресорсус монголиа” ХХК-ийн Хотгорын чулуун нүүрсний орд зэрэг томоохон төслүүд Баянхонгор аймагт хэрэгжиж эхлэхээр бэлтгэл ажлуудаа хангаж байна.
Төслийг хэрэгжүүлэгч ААН-үүд хамтран аймгийн төвөөс Шинэжинст сум чиглэлийн дагуу хатуу хучилттай авто зам тавихаар ТЭЗҮ-г боловсруулж, Шинэжинст-Шивээхүрэн чиглэлийн босоо тэнхлэгийн 288.4 км авто зам тавихаар суурь судалгааны ажлыг явуулж эхэлжээ.
Дээрх төслүүд хэрэгжсэнээр Баянхонгор аймгийн уул уурхайн салбарт 1500 орчим ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ ханган нийлүүлэгч, бэлтгэгч, туслан гүйцэтгэгч ААН-ийн үйл ажиллагаа, жижиг дунд бизнесүүд хөгжих боломжтой болох юм.