Ж.Батбилэг: Технологийн заавраар ашиглавал улаан буудайн тэжээл уургийн агууламж ихтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-13 16:35:14
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Дундговь аймгийн ХХААГ-тай хамтран хаврын улиралд ядарч, доройтсон малыг тэжээж, тэнхрүүлэх, улаан буудайгаар мал тэжээх арга технологийн тухай цахим сургалт зохион байгууллаа. Тус сургалтад 15 сумын Онцгой комиссын гишүүд, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, багийн Засаг дарга нар оролцжээ.


Монгол Улсын Засгийн газраас тус аймгийн малчдад 525 сая төгрөгийн өртөг бүхий 750 тонн тэжээлийн улаан буудайг зээлээр олгосон. Тиймээс тэжээлийн улаан буудайг хэрхэн ашиглаж, малаа тэнхрүүлэх арга зүйг тус сургалтаар олгосон байна.


Улаан буудайгаар мал тэжээх арга технологийн талаар ХХААГ-ын Мал үржлийн тасгийн дарга Ж.Батбилэгээс тодруулахад, "Тэжээлийг ашиглахдаа няцлах, тээрэмдэх, чанах, соёолуулах, халуун бүлээн усанд дэвтээн бардай исгэх аргаар ашиглавал хаврын цагт, малын тарга хүч, ургамлын шимт тэжээл муудсан үед сайн шим тэжээл болно.


Зөв горимоор нь ашиглахгүй бол мал чацга алдах, гэдэс нь дүүрэх зэрэг эмгэг үүсдэг. Малчид буудайг хуурайгаар нь ашиглаад байна. Технологийн заавраар ашиглавал энэ тэжээл уургийн агууламж ихтэй.


Дангаар нь биш, хивэгтэй хольж, багсармал байдлаар ашиглавал бас үр дүнтэй. Бог малд 1-1,5 кг, бог малд 300-500 граммаар өгнө. Өглөө, оройд тэжээхээс гадна өдөр 1-2 удаагийн давтамжтай, тогтсон цагт 7-14 хоногт тэжээвэл мал хурдан тэнхэрнэ” гэлээ.  

相关新闻