ДУНДГОВЬ: Бага насны дурсамжаар аялуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-29 16:40:51
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Ид шидийн орон Дундговь” Хүүхэд хөгжил хамгааллын төвөөс төрийн байгууллагын ажилтнуудад үйл ажиллагаагаа тайлагнан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "Бага насны дурсамжаар аялъя" өртөөчилсөн өдөрлөг зохион байгууллаа.


Тус төвийн үйл ажиллагааг ОНХС-гийн төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа юм. Санхүүжилтийг хэрхэн зарцуулдгаа тайлагнахын тулд тоглоомын аргыг ашиглахын зэрэгцээ төрийн байгууллагын ажилтнуудын алжаалыг тайлж, цаашдаа үйл ажиллагаагаа нэгтгэн хамтран ажиллах санал тавилаа гэж тус төвийн гүйцэтгэх захирал С.Санжаасүрэн ярилаа.


Үйл ажиллагаанд БОАЖГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн ЗДТГ зэрэг байгууллага оролцож, хүүхэд насандаа очин оюун ухаан хөгжүүлэх тоглоом тоглож, тик ток хийж, алжаал тайлах зураг зурж, дотно яриа өрнүүлж, ном уншин ойлгосноо ярьж өгөн сүүгээр шагнуулж, өртөө бүрд даалгавар биелүүлэн зоос цуглуулж, зоосоороо худалдан авалт хийжээ.


Ийнхүү оролцсон байгууллагын албан хаагчид хамт олноороо цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, ямар ч сургалтаас дутахааргүй ОНХС-гаас олгосон санхүүжилт хэрхэн зарцуулагдаж байгааг ойлгож, Ид шидийн орны хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцсан байна.


Үйл ажиллагаанд оролцогчид “Хүүхэд насанд хүргэж өгсөн, сайхан дурсамж үлдээсэн, цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлсэн өдөр байлаа. Зоос цуглуулж, хүүхдэдээ бэлэг худалдан авсан. Хүүхэд бүр өөрөөрөө байх тийм сайхан орчин бүрдсэн байна. Бидний бага байхад ийм орчин байгаагүй, түүнийгээ нөхсөн юм шиг сайхан мэдрэмж авлаа. Бидний мэдрээгүй өссөн ийм сайхан орчныг бүрдүүлж, бидний хүүхдүүдийг аз жаргалтай болгож байгаад баярлалаа” гэсэн юм. 



相关新闻