ЗАВХАН: Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 20 иргэн ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай сумаас 2024-2025 онд шүүх хуралдаанд оролцохоор 8 иргэн сонгогджээ.
Улиастай сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт өгч, мэдээллээр хангасан байна. Сургалтаар шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол болон шүүхийн үйл ажиллаагааг танилцуулж харилцан яриа өрнүүллээ.
Иргэдийн итгэл хүлээсэн, шударга ёсны баталгаа болсон шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийн тулд шүүн таслах ажиллагаанд иргэд оролцох аргыг хүн төрөлхтөн олон зууны өмнөөс ашиглаж ирсэн аж.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн тамгын газар нутгийн захиргааны байгууллагатай хамтран нутаг дэвсгэрийн сонгогчдын нэрийн жагсаалтаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох хууль зүйн шаардлага хангасан иргэдийн нэрийн жагсаалтын жишиг тоог харгалзаж бэлтгэнэ.
Ингэхдээ санамсаргүй байдлаар сонгох программ ашиглана.
Нэрийн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.
Эдгээр иргэдэд шүүхээс сургалт явуулах, урьдчилан мэдэгдэх, гарын авлага мэдээллээр хангах үүрэгтэй юм.
Иргэдийн төлөөлөгч нь санал дүгнэлтээ хэнээс ч хараат бусаар гаргах бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ гэж хуульд зааж өгснөөрөө онцлог юм.
Бид энэ удаагийн сургалтаар Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хориглох зүйл, шүүх хуралдаанд эдлэх эрх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн гэж Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлэв.
Ер нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, таны дуу хоолой шүүхэд хүрснээр таны эрх зүйн мэдлэг дээшлэхээс гадна шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгодог. Мөн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох. Улмаар иргэдийн итгэлийг хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийн тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ шударга ёсыг тогтооход ихээхэн ач холбогдолтой аж.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн Ц:
-"Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсоноор хариуцлагатай шүүхийн тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ, шударга ёсыг тогтооход өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж үзэж байна. Мөн шүүхийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулан, олон нийтийн оролцоог нэмэгдүүлдэг юм байна. Шүүх хуралдаанд сууснаар хууль зүйн мэдлэг дээшилдэг давуу талтай юм байна. Мөн өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй талаар тодорхой мэдлэгтэй болсон" гэв.
Ташрамд, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар Завхан аймагт 2022-2023 онд эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох 211 иргэний нэрсийг шүүхийн тамгын газрын даргын тушаалаар баталгаажуулсан байна.
2023 онд 20 шүүх хуралдааныг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж 20 иргэний төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулжээ.