Аргентины бүс нутгууд газрын тосны олборлолтыг зогсоохгүй байхаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-28 14:22:33

БУЭНОС-АЙРЕС, 2024 оны хоёрдугаар сарын 28 /TASS/. Аргентины шүүх Засгийн газартай санхүүжилтийн талаар маргаан үүсгээд байгаа Чубут мужийн талд шийдвэрээ гаргасны дараа бусад муж, бүс нутгууд газрын тосны олборлолтыг зогсоохгүй байхаар шийдвэрлэжээ.  


"Асуудал шийдэгдлээ. Бид Чубут, Рио-Негро, Неукен мужуудын иргэдийн ажил, аюулгүй байдалд хэзээ ч аюул учруулахгүй. Бид энэ талаар Тьерра дель Фуэго мужийн захирагч Густаво Меллатай ярилцсан. Асуудлыг шийдсэн. Зөрчил маргаан  үүсэх үндэслэл цаашид байх ёсгүй" гэж  Чубут мужийн захирагч Игнасио Торрес хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.  


Татварын орлогын сангаас авах ёстой 13.5 тэрбум песо буюу 16 сая ам.долларыг шилжүүлэхгүй бол Чубут мужаас газрын тос, хий нийлүүлэхгүй гэж И.Торрес өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейгийн засаг захиргаанаас мэдэгдсэнээр, тус муж өртэй байгаа тул шилжүүлэг хийхийг саатуулсан байна. Газрын тосны үйлдвэрлэлийн 80 хувийг бүрдүүлдэг Аргентины өмнөд хэсгийн бусад мужууд Чубутын эрх баригчдын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Аргентины шүүх мягмар гарагт шийдвэрээ гаргаж Засгийн газрыг тус муж руу хийх шилжүүлгийг саатуулахыг хориглосон байна. 


Өмнөд нутгийн мужуудаас гадна, бусад бүс нутгууд ч, тэр дундаа эрх баригч “Эрх чөлөө ирдэг” эвсэлтэй үе үе эвсдэг “Өөрчлөлтийн төлөө хамтдаа” сөрөг хүчний эвслийг дэмжигч мужийн захирагчид Чубут мужийн эрх баригчдыг дэмжиж байгаа аж. 


Х.Милейгийн засгийн газрын боловсруулсан шинэчлэлийн зарим багц арга хэмжээг депутатууд дэмжээгүй тул Милей болон мужийн захирагч нарын хоорондох зөрчил хурцадсан байна. 

相关新闻