БАЯН-ӨЛГИЙ: Даатгалд хамруулсан малын тоо таван жил дараалан буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-22 15:05:54

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн 1022 өрх малаа малын индексжүүлсэн даатгалд хамруулжээ.


Энэ нь Увс (2527), Ховд (1281), Завхан (1310), Говь-Алтай (2379) зэрэг баруун бүсийн аймгуудтай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт  юм.


Тус аймгийн малчдын даатгалд хамруулсан малын тоо сүүлийн 5 жил дараалан буурчээ. Тодруулбал, Баян-Өлгийн малчид 2019 онд 215,6 мянга, 2020 онд 204,9 мянга, 2021 онд 181,6 мянга, 2022 онд 139,6 мянган толгой малаа даатгуулсан байна.


Өмнөх онд сумдаас Буянт сум хамгийн олон буюу 44,6 мянга, Цэнгэл сум 12,4 мянга, Алтай 10,4 мянга, Баяннуур 10,3 мянган толгой, Өлгий сум хамгийн бага 425 толгой малыг тус тус даатгуулсан аж.


УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг 2014 онд баталсан. Тухайн даатгал нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл, гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх даатгал юм. Мөн нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой.


Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн 5 эсвэл 6 хувийг (аймаг тус бүрд Засгийн газраас тогтоосон малын хорогдлын босго хувь) давсан тохиолдолд малчинд нөхөн төлбөр олгодог.

Ташрамд, 2023 онд онд улсын хэмжээнд 13930 малчин өрхөд 4 тэрбум 177 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. 

相关新闻