Бизнесийн сургалтад 10 мянган залууг хамруулах хөтөлбөрийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-20 17:31:57

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газраас боловсруулсан Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийг МҮХАҮТ-аас боловсруулжээ. Үүний эхлэл болгож 10.000 залууг Бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөрийг эхлүүлж байгааг өнөөдөр танилцууллаа. Хөтөлбөрийг тодруулбал:

  • 10.000 залууг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Р-MBA сургалтад үнэ төлбөргүй суралцуулах,
  • 1000 залууг олон улсын бизнес аялал, сургалтад хамруулах юм.

Өмнө нь ажилгүйдлийн талаар хөндөхөд мэргэжил, ур чадварын талаар ярьдаг байсан бол өнөөдөр ААН-үүд ажиллах хүчээр хомсдоод байна. Энэ нь нэг талаараа төр, засгаас явуулж буй халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотойг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж ирсэн.

Иймд МҮХАҮТ-аас залуучууддаа бизнес эрхлэх урам зориг өгөх, жижиг, дунд бизнес эрхлэх боломжийг олгож, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах олон улсын туршлагыг багтаасан хөтөлбөр боловсруулснаа өнөөдөр танилцууллаа.




Гурван үе шаттай хэрэгжүүлэх хөтөлбөрөөр Бизнесийн магистрын /MBA program/ хөтөлбөртэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох сургалт P-MBA /Personal MBA/-аар 10.000 залуусыг эхний ээлжинд сургах ба 5 мянгыг Улаанбаатар хотоос, мөн 5 мянгыг хөдөө орон нутгийн 5 бүсээс сонгон суралцуулах аж. 

Амжилттай суралцсан 1000 хүнийг БНЭУ, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бизнесийн аялал, дадлагын сургалтад хамруулах бол тэднээсээ 100 суралцагчийг сонгон шалгаруулж, улмаар гарааны бизнес эрхлэх санхүүгийн боломж, үүд хаалгыг нээж өгнө гэв.

 

 

相关新闻