БАЯНХОНГОР: Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-20 11:58:50
Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү цас ихтэй өвөл болж байгааг аймгийн УЦУОША-наас мэдээлэв. Тодруулбал, Баянхонгор аймагт 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон жил болж байна.

2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь ОЖД-аас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу ОЖД-аас 1.6-аар их байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд хунгар газраа 100 см давсан их цастай байна. Тодруулбал, Гурванбулаг сум 27 см, Байдраг 15 см, Баянбулаг 12 см, Галуут 12 см, Баянлиг 9 см, Бөмбөгөр 9 см, Шаргалжуут 7 см, Богд 7 см, Бууцагаан 6 см, Хүрээмарал 6 см, Эрдэнэцогт 6 см, Баянговь 3 см, Баянхонгор 2 см, Шинэжинст 2 см, Баянцагаан 1 см, Баацагаан 1 см цастай байна.

Энэ сарын 21, 22-нд хангай, тал хээрийн нутгийн зарим газраар цас орох бөгөөд хүйтний эрч чангарч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө -28-33 градус, өдөртөө -13-18 градус, Гурванбулаг, Заг, Байдрагийн Хүрэн бэлчир шөнөдөө -35-40 градус, өдөртөө -22-27 градус хүйтэн, говь, хээр талын нутгаар шөнөдөө -22-27 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.

Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Баянхонгор аймгийн тухайд зун өвсний гарц бага, намар оройтож цас орсны улмаас зудын нөхцөл байдал үүсэж, нийт 17 мянга гаруй мал хорогдож, аймгийн Онцгой комиссын зудын эрсдэлийн түвшний үнэлгээгээр 11 суманд маш их эрсдэлтэй түвшинд үнэлэгджээ.
相关新闻