БАЯН-ӨЛГИЙ: Булган сумын 10 мянга орчим толгой мал хотноосоо гарч чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-19 14:05:50

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт үргэлжлэн орсон цасны улмаас Баян-Өлгий аймгийн Булган сумын зам даваа хаагдаж, одоог хүртэл хөдөлгөөн нээгдээгүй байна. Үүсээд буй нөхцөл байдлын талаар тус сумын ЗДТГ-ын дарга Ө.Төлеухантай утсаар холбогдож тодрууллаа.


-Шуурганы улмаас танай суманд цахилгаан тасарсан тухай мэдээлэл авсан. Цахилгаан эрчим хүчний хангамжийг хэвийн болгосон уу?

-Цахилгаан энэ сарын 15-ны өдрийн өглөө тасарсан байсан. Хоёр хоног орчим цахилгаангүй байгаад одоо хэвийн болгосон байгаа.

 

-Замын нөхцөл байдал ямар байна?

-Зам битүү цастай байгаа. Энэ сарын 11-ний өдрийн оройгоос эхэлж цас орж, 12-ны өдрөөс аймгийн төв чиглэлийн зам хаагдсан. Одоог хүртэл нээгдээгүй байгаа.

 

-Замын цасыг цэвэрлэх арга хэмжээ авч байна уу?

-Аймгийн Онцгой комиссоос ковш гаргасан. Гэхдээ Улаагчны давааны цасыг арчиж чадаагүй гэсэн мэдээлэл байна. Дэлүүн сумаас наашаа нэг техник гарсан ч одоог хүртэл ирээгүй байгаа. Зөвхөн аймгийн төв чиглэлийн зам биш, орон нутгийн бүх зам хаагдсан. Тус сум нь 7 багтай. Үүнээс 5 багийн зам хаагдсан. Сумын зүгээс Сөнхөл, Улаанхус багийн замыг нээсэн. Бусад 3 багийн замыг нээхээр бага оврын ковш гаргасан боловч гурван хоног ажиллаад 10 орчим км замын цасыг л цэвэрлээд байна. Сумын төвөөс 60 км зайд Хар нуур хэмээх газарт хоёр малчин өвөлжиж байгаа. Тэдэнтэй харьцах ямар ч боломжгүй байгаа тул өнөөдөр аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Хэрвээ аймгийн төв чиглэлийн замыг нээж чадахгүй бол Ховд аймгийн Булган сум талаас нь зам гаргаж, өвс тэжээл татахыг эрэлхийлж байна.

 

-Танай сумын нутгаар цасны зузаан хэр байна?

-Сумын төвийн цасны зузаан 41 см байгаа гэж цаг уурын байгууллагын мэдээ гарсан. Хөдөөгийн багууд 1 метрээс дээш зузаан цастай гэж ойлгож болно.

 

-Малын хорогдлын талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Малчидтай холбоо тогтоож чадахгүй байгаа болохоор хорогдлын мэдээг гаргах одоогоор боломжгүй байна. Ууланд байгаа адуу малын талаар ямар ч мэдээлэл алга. Мөн өнөөдрийн байдлаар 20 орчим айлын 10 мянга орчим толгой мал хотноос гарч чадахгүй байна. Нөхцөл байдал маш хүнд байгаа.

 

-Сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө задалсан уу?

-Сумын Аюулгүйн нөөцөд 30 тонн өвс, 38 тонн тэжээл байсан. Өрх бүрд 1 шуудай тэжээл, 2 боодол өвсийг хөнгөлөлттэй үнээр тараасан. Гэхдээ зам хаагдсаны улмаас зарим багуудад өвс тэжээл хүргэж чадахгүй байна.

 

-Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүндрэл бэрхшээл байна уу?

-Одоогоор хүнд болон хүндэвтэр өвчтөний дуудлага ирээгүй байгаа.

 

-Нүүрсний нөөц хангалттай юу?

-Нүүрсний нөөц дуусаж байна. Сумын ЗДТГ болон хүүхдийн цэцэрлэг нүүрсгүй болсон. Шатахуун түгээх станцууд ч нөөц багассан талаар мэдээлэл өгч байна. Хамгийн гол нь аймаг, улсаас өгөх өвс тэжээлээ ойрын хугацаанд хүргэх шаардлагатай байна. Түргэн шуурхай арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал маш хүнд байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. 

相关新闻