Таксин Чиннаватыг суллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-02-13 17:20:29

БАНГКОК, 2024 оны хоёрдугаар сарын 13 /DW/. Өнгөрсөн наймдугаар сард эх орондоо эргэн ирснээсээ хойш авлигын хэргээр хоригдож буй Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чиннаватыг суллахаар шийдвэрлэжээ.


Т.Чиннаватыг суллана гэж Тайландын Хууль зүйн сайд Тави Содсонг өнөөдөр мэдэгдсэн бол тус улсын хэвлэлүүд түүнийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллана гэж мэдээлж байна.  


“Таксин болон бусад 930 орчим хоригдлыг тэнсэн суллана. Түүний биеийн байдал нь хүнд байгаа, мөн 70-аас дээш насны хоригдлуудын тоонд орж байгаа. Түүнийг зургаан сарын дараа шууд суллана” гэж Т.Содсонг Засгийн газрын ордонд сэтгүүлчдэд мэдээлжээ.


Тайландын хуулийн дагуу Т.Чиннават ялынхаа зургаан сарыг эдэлсний дараа хоёрдугаар сарын 18-нд суллагдах бололтой. 


Таксин яагаад шоронд хоригдох ял авсан бэ?

Ерөнхий сайд асан, “Тайландын төлөө” намыг үндэслэгч Таксиныг 17 жилийн өмнө төрийн эргэлтээр түлхэн унагасны дараа тэрбээр эх орноосоо дүрвэн гарсан юм.


Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Тайландад 15 жилийн дараа буцаж ирсэн даруйд нь баривчилж, Дээд шүүхэд хүргэсэн бөгөөд авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр түүнд найман жилийн ял оноосон байна.


Дараа нь түүнийг эзгүй үед ялласныг харгалзан ялыг нь нэг жил болгон бууруулжээ. Шоронд орсон эхний шөнө Таксины бие муудсан тул эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнээс хойш цэргийн эмнэлэгт ялаа эдэлжээ.


Өдгөө 74 настай тэрбээр баривчлагдсаныхаа дараахан хаанаас өршөөл хүссэн байна. Таксин 1998 онд Рак Тай гэдэг намыг байгуулж байсан ба тус нам хожим одоогийн эрх баригч “Тайландын төлөө” нэрээрээ олонд танигджээ.


Түүнийг эх орондоо буцаж ирсэнтэй холбоотой янз бүрийн таамаглал гарсан бөгөөд “Тайландын төлөө” нам бусад намтай өршөөл үзүүлэх тохиролцоо хийсэн гэж зарим хүн хардаж байна.


Тайландын шинээр томилогдсон Ерөнхий сайд Сеттха Тависиныг өдгөө Т.Чиннаватын улс төрийн хөдөлгөөний нүүр царай гэж үздэг.



相关新闻