ДОРНОД: НҮБ-ын Хүүхдийн сангаас 576 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас Дорнод аймагт 576.7 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.
Тодруулбал, эх хүүхдийн болон өсвөр үеийн эрүүл мэндийн сургалт үйлчилгээнд 25 мянган иргэн, эрүүл мэндийн 80 ажилтныг хамруулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд хэрэхийн гаралтай зүрхний өвчнийг илрүүлэх, оношлох, 9, 18, 36 сартай хүүхдийн үзлэг, эцэг эхийн сургалт, анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний менежментийг сайжруулах, нярайн скрийнинг шинжилгээний тест, түргэвчилсэн тест, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх юм.
Харин өсвөр үе, залуучуудыг дэмжих зорилгоор бизнес эрхлэгчдэд ногоон ажлын байр, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чиглэлээр сургалт явуулж, бизнес санааг нь хөгжүүлнэ. Энэ чиглэлээр хийх дээрх ажлуудад 50 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого, таблеттай багш төслийг хэрэгжүүлэх сургалтыг явуулж, нийт 100 сургууль, цэцэрлэг, дотуур байранд цэвэр усны шүүлтүүр суурилуулж, 10 айлд эрчим хүчний хэмнэлттэй шийдэл чип багц нэвтрүүлэх юм.
Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн,
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол
Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар энэхүү хамтран
ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.