Олимпын анхдагчдыг “Алтан од”-оор шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Одоогоос 60 жилийн өмнө Монголын тамирчид олимпизмд нэгдэж, монгол хүн олимпын замд мөрөө гаргасан түүхтэй. Тэгвэл энэ онд монголчууд олимпод оролцсоны 60, Монголд орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 1964 оны нэгдүгээр сарын 29-нд Монгол Улсаас цана, тэшүүрийн 13 тамирчин Австрийн Инсбрукийн өвлийн IX олимпод оролцон цас, мөсөн замд уралдсан байсан юм.
Тэдний төлөөлөл, өдгөө амьд сэрүүн, энх тунх амьдарч буй ахмад тамирчин Д.Пүрэвлоов, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, Л.Боль нарыг Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, дээд шагнал болох “Алтан од” одонгоор энгэрийг мялаалаа. Тухайн үед манай тэшүүрчид Казахстанд, цаначид Польшид бэлтгэл хийж байсан тухай спортын ахмад зүтгэлтэн, Монголын багийн хэлмэрч Л.Боль гуай дурсан ярив.Тэрбээр 1964 оны Инсбрук, 1972 оны Мюнхен, 1976 оны Монреалын олимпод Монголын багийн хэлмэрч, орчуулагчаар ажилласан ажээ.
“Тэшүүрийн Цэнд төрийнхөө далбааг бариад олимпын талбайд орж ирэхэд “Чингисийн Монгол” хэмээн “Ура” хашгираад манай баг тамирчдыг их сайхан хүлээж авч байсан нь одоо ч бидний сэтгэлд тод үлджээ” хэмээн ахмадууд маань хуучиллаа. Тэд “Монголын тамирчдын олимпын замыг засаж, өдгөө манай залуу тамирчид олимпод өндөр амжилт үзүүлж явааг харах сайхан байна” хэмээн яриад залуу спорт, олимпизм үргэлж мандан бадрахыг ерөөсөн юм.