ОРХОН: Киргиз-Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-30 14:56:18
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Орхон аймагт Бүгд Найрамдах Киргиз улсын Үндэсний ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ой судлалын шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн төвийн захирал Р.К.Рапажаеваар ахлуулсан зочид айлчиллаа.


Зочдыг  аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, ЗДТГ-ын дарга Ш.Ганболд нар хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар Орхон аймагт “Киргиз-Монголын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах, түүний арчилгаа хамгаалалт, хөрс, байгаль цаг уурын онцлогт нийцсэн жимсний мод нутагшуулах талаар санал солилцлоо.


Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз улсад албан айлчлал хийсэн. Энэ үеэр Орхон аймаг, Эрдэнэт хотод хоёр улсын найрамдалт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ногоон өв” санаачилгатай уялдуулах ажлын хүрээнд дээрх ажлыг эхлүүлж байгаа юм. 


相关新闻