А.Хүслэн дараагийн шатанд шалгарахад хоёрхон секунд дутлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-29 14:42:55

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Солонгосын Канвон хотод хөшгөө нээсэн залуучуудын өвлийн олимп үргэлжилж байна. Тус олимпод манай улсаас гурван төрлөөр 12 тамирчин өрсөлдөхөөр эрхээ авсан бөгөөд уулын цана, биатлоны тамирчид тэмцээнээ дуусгасан. Биатлончид ирэх сараас Олон улсын биатлоны холбооноос зохион байгуулдаг ДАШТ, дэлхийн цомын тэмцээнд уралдана.


Харин өнөөдөр гүйлтийн цанын тамирчдын тэмцээн эхэллээ. Alpensia Biathlon Centre-т болсон эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт уралдаанд 48 орны 80 тамирчин хурд сориход Австрийн Эишер 3:03.98 минутын амжилтаар урьдчилсан гарааг өнгөлөв. Урьдчилсан шатанд эхний 30 байрт орсон тамирчид цааш шалгарах байсан юм. Тэгвэл манай тамирчин А.Хүслэн дараагийн шатанд үлдэхэд ердөө хоёр секунд дутан 35 дугаар байр эзлэв. Тэрбээр өөрийн зайг 3:15.83 минутад туулсан бөгөөд 30-д орсон тамирчны цаг 3:13.69 байлаа. Энэ төрөлд уралдсан манай нөгөө тамирчин Т.Өсөх-Ирээдүй 3:19.24 үзүүлэлтээр 41-р байрт бичигдлээ.


Түүнчлэн эмэгтэйчүүдийн спринт уралдаанд спортын мастер Ж.Уянга өөрийн замыг 4:03.61 минутад дуусган 78 тамирчнаас 46 дугаар байрт орсон юм. Харин спортын мастер Н.Нандинцэцэг 4:06.75 минутаар энэ гараанд 50 дугаар байр эзэллээ. Манай тамирчид маргааш эрэгтэй, эмэгтэй 7.5 км-ийн сонгомол тэшилтийн төрөлд уралдах хуваарьтай. Эмэгтэйчүүдийн уралдаан 09:30 цагт, эрэгтэйчүүдийн уралдаан 12:00 цагт эхэлнэ.


Өнөөдрийн байдлаар биатлон, бобслей, люж, тэшүүр, скелетон, уулын цанын тэмцээн дууссан. Харин уран гулгалт, гүйлтийн цана, сноуборд, кёрлинг, цанын фрийстайл, хоккейн тамирчдын өрсөлдөөн эхэллээ.  



相关新闻