Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хувийн ес, монгол сүмочдын 101 дэх түрүүг авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-29 10:40:41

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөлөө. 15 хоногийн турш үргэлжилсэн шинэ оны анхны башё үзэх, харах, ярих зүйл ихтэй байсныг онцлууштай. Башёгийн 10 дахь өдөр хүртэл тэргүүн байрын төлөөх сонирхолтой байсан. Ялангуяа маэгашира цолтнууд энэ башёгийн гол чимэг нь байлаа. Эцэст нь аваргын төлөөх өрсөлдөөнд цолны эрэмбэ, ур чадвараар сэкивакэ Котоновака, озэки Киришима Б.Лхагвасүрэн, Хоошёорюү С.Бямбасүрэн, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар тунаж үлдсэн.


Тэгвэл 13 дахь өдрийн барилдаанд нутагт нэгт озэкидээ өвдөг шороодсон Хоошёорюү бэртэл авснаар сүүлийн хоёр өдөр дохёд гарсангүй. Ингээд гурван бөхөөс хэн нь эзэн хааны өргөх вэ гэдэг нь сонирхол татаж эхлэв. 14 дэх өдөр башёг тэргүүлэгч Котоновака, Киришима нар хоорондоо таарлаа. Уг барилдаан Котоновакагийн ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр Киришима ёкозүна цол хүртэхийн тулд бүхнийг дахин шинээр эхлүүлэх даалгавартай болох нь тэр. Хэдийгээр түрүүлэх хэмжээнд барилдаж байсан ч сүүлийн хоёр өдөр өвдөг шороодсоноор ёкозүна болох алхам нэгээр ухарлаа.


Харин бэртлээс эргэн ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ залуу сэкивакэ Котоновакатай нэмэлт барилдаан хийж давснаар түрүүлэв. Нэмэлт барилдаан хийсэн хоёр бөх хоёулаа 13-2 гэсэн амжилттайгаар башёг дуусгаж байгаа юм. Ёкозүна Тэрүнофүжи мэргэжлийн сүмогийн ес дэх түрүүгээ авснаар нутгийн аварга ах Харүмафүжигийн амжилттай зэрэгцэж байна. Тэрбээр хувийн ес, монгол сүмочдын 101 дэх түрүүг авсан нь энэ. Одоо дахин ганц башёд давахад Дай-Ёкозүна буюу Их аварга болох учиртай. Түүний хувьд нэг жилийн хугацаанд ердөө 34 барилдахдаа хоёр түрүү авч байгаа нь энэ юм. Өдгөө 32 настай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн жил бэртлийн улмаас хүссэн хэмжээндээ барилдаж чадаагүй. Улмаар ёкозүнагийн зөвлөлөөс түүнийг Хацү башёд барилдахыг шахсан. Тэрүнофүжи ч хүссэн, хүсээгүй зодоглож, эцэст нь түрүүллээ. Түүний хоёр өвдөгний бэртэл хагалгаа хийлгэсний дараа дээрдэж байсан ч бэлтгэлийн үеэр нуруундаа бэртэл авч, 2023 оны сүүлийн гурван башёд бүтэн барилдах боломжгүй болсон билээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Бэртэл зовуурьтай байсан ч би үүнийг давж чадлаа. Залуу бөхчүүд улам л хүчтэй болж байна. Тэдний араас нэхэж, өрсөлдөх нэг бодлын сайхан байна хэмээн ярилаа.


Энэ башёгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Котоновакагийн талаар Тэрүнофүжи “Тэр улам л хүчтэй болж байгаа санагдлаа. Барилдааны үеэр ч үүнийг нь мэдэрлээ” гэсэн юм. Котонавака эзэн хааны цомыг хүртэж чадаагүй ч озэки хүртэх эхний алхмаа тун сайн хийлээ. Магадгүй гуравдугаар сарын 10-нд эхлэх Харү башёд озэки цолтойгоор зодоглож мэднэ. Тэрбээр ёкозүна асан Котозакүрагийн ач хүү ажээ.


Тусгай шагналын эзэд

Гиношо: Садогатакэ дэвжээний сэкивакэ Котоновака 13:2

Шкүншо: Маэгаширагийн тэргүүн бөх “Арашио дэвжээний Вакамотохарү 10:5

Кантошо: Маэгаширагийн 15 дахь бөх “Нисоносэки дэвжээний Оносато 11:4


Түрүү бөхчүүд

Макүүчи зиндаа: “Исэгэхама” дэвжээний бөх, ёкозүна Тэрүнофүжи 13:2

Жюүрёо зиндаа: Жюүрёогийн 10 дахь бөх Исэгэхама дэвжээний Такэрүфүжи 13:2

Макүшита зиндаа: Макүүшитагийн барууны тэргүүн “Арашиодэвжээний Вакатакакагэ 7:0

Санданмэ зиндаа: Санданмэгийн барууны 26 дахь бөх “Фүжишима дэвжээний Фүжисэүн 7:0

Жонидан зиндаа: Жониданы зүүний 10 дахь бөх “Ажигава дэвжээний Аонишики 7:0

Жонокүчи зиндаа: Жонокүчигийн барууны 15 дахь бөх “Ажигава" дэвжээний Анхибики 7:0


Монгол бөхчүүдийн амжилт

Макүүчи

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13:2

З-О Киришима Б.Лхагвасүрэн 11:4

Б-О Хошёорюү С.Бямбасүрэн 10:4 башёг орхисон

З-8 Хокүсэйхо Э.Даваанинж 2:3

З-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 8:7

Жюүрёо

Б-1 Миторюү Б.Төрболд 7:8

З-3 Рога А.Амарсанаа 9:6

З-4 Тамашохо Э.Энхманлай 4:11

З-5 Чиёошома Г.Мөнхсайхан 7:8

Б-5 Оошёоүма П.Дэлгэрбаяр  8:7

Б-9 Дайшохо Ч.Шижирбаяр 9:6

Макүшита

Б-7 Хокүтэнкай Г.Сүхбат 3:4

З-8 Онокацү Б.Чойжилсүрэн 6:1

Б-9 Хокүтомарү Н.Чинзориг 4:3

З-14 Котокэнрюү Г.Билгүүн 3:4

З-18 Дэванорюү Т.Тэмүүлэн 5:2

З-19 Асахакүрюү Р.Жамъянтогтох 3:4

З-43 Токисома Б.Анхбаяр 2:5

З-46 Казэноүми Ц.Билгүүн 5:2

Санданмэ

З-5 Саданохикари Д.Наранцогт 3:4

Б-5 Араүма Б.Төртогтох 5:2

Б-8 Сэнхо Жигүүр 3:4

Жонокүчи

З-15 Кёкүкайюү Ш.Далайбаатар 6:1







相关新闻