Харцага цолтны хүндэтгэлийн барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард таван барилдаан зохион байгуулах хуваарь танилцуулсан. Тэгвэл нэгдүгээр сарын сүүлчийн барилдаан энэ сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тодруулбал, ирэх бямба гарагт “Жем интернэйшнл” компаниас ивээн тэтгэн зохион байгуулдаг, харцага цолтонд хүндэтгэл илэрхийлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох нь ээ. “Жем интернэйшнл” компанийн 25 жилийн ойд зориулсан эл барилдааны үеэр таван азтан тодруулж, хамгийн түрүүнд ирсэн 250 үзэгчийг шинэ бүтээгдэхүүнийхээ дээжээс мялаах аж. Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны бүртгэл маргааш эхлэх бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.
Монгол Улсад харцага цолтой 54 бөх байдаг юм. Эдгээрээс 25 нь уг цолыг нөхөж авсан аж. Тэгвэл өнөөдөр 45 нь амьд сэрүүн байна. 2003 онд бий болгосон тус цолыг анх Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат өдгөөгийн улсын гарди М.Баяржавхлан, Увс аймгийн Тэс сумын харьяат Э.Батбаатар нар хүртэж байв. Харин 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тухайн үед амьд сэрүүн байсан, тус цолын болзлыг хангасан бөхчүүдэд нөхөн олгосон түүхтэй. Хамгийн олон харцага цолтон төрсөн аймгаар Архангай тодорсон байдаг бол араас нь Завхан, Увс жагсана. Харин Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгаас одоогоор харцага цолтон төрөөгүй байгаа юм.
Өнгөрсөн жилийн харцага цолтны хүндэтгэлийн барилдаанд 256 бөх зодоглоход
улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, арслан Р.Пүрэвдагва үзүүрлэсэн бол заан М.Лхагвагэрэл,
харцага Ө.Даваабаатар нар их шөвөгт шалгарч байлаа.
Харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдааныг 2006 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд анхны барилдаанд улсын харцага Г.Элбэг түрүүлж, начин Д.Батбаяр үзүүрлэсэн байв.