ДОРНОД: Маршалын албан ажилдаа хэрэглэж байсан радио хүлээн авагч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-10 14:35:28

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. БНМАУ-ын Eрөнхий сайд, хошой баатар, 20-р зууны Монгол төрийн нэрт удирдагч, цэргийн жанжин, маршал Хорлоогийн Чойбалсангийн хэрэглэж байсан радио хүлээн авагч Дорнод аймгийн Музейд хадгалагдаж байна. Энэхүү үзмэр нь олон улсын радио хүлээн авагч бөгөөд хоёр талдаа шүүгээтэй. Зүүн талдаа пянзны суурь, тоглуулагчтай, баруун талдаа 10 ширхэг хундаганы тавиуртай.


"Монголын ард түмний хайрт жолоодогч нөхөр Чойбалсан танаа. Дэлхийн залуучууд ба оюутны 3-р фестивальд оролцсон Монголын залуучуудын төлөөлөгчдөөс Танд дурсгал болгов. 1951.08.19" гэсэн бичигтэй радио хүлээн авагч нь Монголд цор ганц байгаа эд өлгийн зүйл юм.  


Маршал Х.Чойбалсан засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд эдийн засаг, соёлын чухал үйл явдлууд болсон байдаг. Тухайлбал, 1939, 1945 оны дайн, 1945 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээж, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц байгуулагдаж, Монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, анхны 10 жилийн дунд сургууль, Улсын их сургуулийг байгуулсан зэрэг түүхэн үйл явдлууд өрнөжээ.


Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, маршал Х.Чойбалсан 1885 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ.

相关新闻