ДУНДГОВЬ: Малчидтай хариуцлагын гэрээ байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Луус, Сайхан-Овоо, Эрдэнэдалай,
Гурвансайхан, Дэлгэрцогт зэрэг сумдад сумын 10 орчим өрхөд хонины цэцэг өвчин гарч,
хорио цээрийн дэглэм тогтоон малыг вакцинжуулж байна.
Үүнтэй холбогдуулан Сайнцагаан сумын Онцгой комисс, Мал
эмнэлгийн тасгаас Луус, Эрдэнэдалай, Гурвансайхан, Дэлгэрцогт сумтай хил залгаа
орших малчдад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ хүргэх, хонинд өвчний
тандалт үзлэг хийх, малчидтай хариуцлагын гэрээ байгуулахаар 4 багт ажиллаж
байгааг тус сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Цэцэг өвчний үеэд малын биеийн халуун 41 градус хүрч, 1-5
өдрийн турш үргэлжлэх ба тэжээлд дургүй болж, нүд, ам, хамраас нулимс, салст
идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах шинж тэмдэг илэрдэг ба ихэвчлэн толгой,
уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг,
гуя, сүүлний дотор талын үсгүй хэсэгт цэцгийн цэврүүт гүвдрүү, булдруу үүсдэг
аж.
Өвчтэй хонь ямаа, вирусээр бохирлогдсон малын хашаа,
хороо, бэлчээр, тээврийн хэрэгсэл, өвс тэжээлийн үлдэгдэл, ноос, ноолуур, бусад
зүйлсээр дамжин халдварлаж, малын шилжилт хөдөлгөөний улмаас бүс нутгийг хамран
дэгдэх аюултайг аймгийн МЭГ-аас сэрэмжлүүлжээ.
Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тохиолдолд яаралтай мэдэгдэх, эрүүл, өвчтэй малыг тусгаарлах, мал байсан хашаа, хороог цэвэрлэх, бууц, өвс, тэжээлийн үлдэгдлийг устгах зэрэг арга хэмжээ авахыг мөн сануулсан байна.