“Парис-2024” олимп эхлэхэд 206 хоног үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-03 14:27:00

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам эхлэхэд 206 хоног үлджээ. Францын нийслэл Парис хот орчин цагийн олимпыг 1896 оноос хойш гурав дахь удаагаа нутагтаа зохион байгуулах эрх авсан нь энэ.


1900, 1924 онд олимп зохион байгуулсан францчууд 100 жилийн дараа дахин хүн төрөлхтний хамгийн том баяр наадмыг хүлээж авахаар бэлтгэл ажлаа базааж байна. Энэ удаагийн олимпод 200 гаруй орны 11 мянга орчим тамирчин 32 спортын төрөлд хурд, хүч, ур чадвараа гайхуулан уралдана.


100 жилийн дараа нутагтаа хүлээн авч буй олимпын нээлт цэнгэлдэх хүрээлэнд бус Сена мөрөнд болохоороо онцлогтой бөгөөд олны анхаарлыг татаж байгаа юм. Парисын олимпын ивээн тэтгэгчээр Алибаба, Бриджстоун, Кока Кола, Делойтте, Самсунг, Панасоник, Тоёота тэргүүтэй дэлхийд тэргүүлэгч 73 компани ажиллана.


Зохион байгуулагчид 250 мянган ажлын байр шинээр бий болгож, 10.7 тэрбум еврогийн орлого олохоор тооцоолсон байдаг бөгөөд олимпын үеэр 15 сая жуулчин Парист очих үзүүлэлт гарчээ. Олимп зохион байгуулагчид 32 спортын төрөлд 10 сая тасалбар борлуулахаас өнөөдрийн байдлаар 7.2 саяыг нь зарсан байна.


Зуны спортын XXXIII наадамд манай улсаас одоогийн байдлаар зургаан тамирчин эрхээ аваад байгаа юм. Тодруулбал, дугуй, байт харваа, бокс, буудлаг тус бүр нэг, чөлөөт бөхийн хоёр тамирчин эрхээ авсан. 

相关新闻