ОРХОН: 2023 онд Орхон аймаг боловсрол, эрүүл мэндийн салбартаа томоохон хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-31 12:08:42
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Орхон аймагт 2023 онд өрнөсөн онцлох үйл явдал болон бүтээн байгуулалтыг тоймлон хүргэе.


Номын өргөөтэй боллоо

Орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгөөр 2021 онд барьж эхэлсэн “Номын өргөө”-ний барилгыг энэ онд ашиглалтад оруулж 15 ажлын байр шинээр бий болж байна. Тус өргөө 5 давхар бөгөөд нийтийн номын уншлага, хүүхдийн номын сан, хүүхэд хөгжлийн төв зэрэг олон үйлчилгээ төвлөрч байна.



Багийн нэгдсэн цогцолбор ашиглалтад оров

Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зэст багт “Иргэдэд үйлчлэх багийн нэгдсэн төв”-ийн барилгыг ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр Орхон аймаг багийн нэгдсэн таван байртай боллоо.


  

БНСУ-ын Дэгү, Бусан хоттой хамтран ажиллаж байна

Эрүүл мэндийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж БНСУ-ын Дэгү, Бусан хотод Орхон аймгийн эмч, эмнэлгийн ажилтнууд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, БОЭТ-д Алсын зайн оношилгоо, эмчилгээний төв байгууллаа.


 

Сурагчдын хуучин ширээ, сандлыг бүрэн шинэчлэв  

Энэ онд орон нутгийн төсвийн 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын 17 сургуулийн 282 танхимын 5072 ширээ, 10144 сандлыг шинэчилж 22018 сурагч стандартад нийцсэн ширээ сандалтай боллоо. 


    

”Хамтдаа Эрдэнэтэд  хөгжье” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Орон нутагт шилжин ирж суурьшсан иргэдийг дэмжих, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн уялдааг хангах зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд ШУТИС, МУБИС, АШУҮИС зэрэг их дээд сургуульд өдөрлөг зохион байгуулж орон нутгаа сурталчиллаа. Үүний үр дүнд энэ онд 106  багш шилжин иржээ.


 

“Уран эгшиг” сургуулийг өргөтгөлөө

Урлагийн төрөлжсөн “Уран эгшиг” сургууль энэ онд орон нутгийн төсвийн 1,3 тэрбум төгрөгөөр өргөтгөл, их засвар хийлээ. Тус сургуульд урлагийн 13 төрлөөр 450 гаруй сурагч суралцаж байна. 



Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны есдүгээр сард Орхон аймгийн иргэдтэй уулзаж, иргэдээс гарсан саналд  тулгуурлан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:

·         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас улсын төсөвт төвлөрүүлдэг татвараас 50 тэрбум төгрөгийг Эрдэнэт хотын доторх авто замыг шинэчлэх, сайжруулах ажилд зарцуулахаар шийдвэрлэв. 

·         Орхон аймагт шинээр бий болж буй суурьшлын бүс 2а хороололд 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, VII хороололд 960 хүүхдийн багтаамжтай сургууль барих төсвийг улсын төсөвт тусгав.

·           Спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүй Одод” сургуулийн дотуур байрны санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгав.

·         Нийтийн тээврийн парк шинэчлэл болон Дэнж, Оюут багт “Багийн нэгдсэн төв” барих санхүүжилтийг шийдэв. 




“Орлогод нийцсэн орон сууц” төслийн эхний хоёр блокийг ашиглалтад орууллаа

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлж байна. Баян-Өндөр сумын Уртын гол багийн 1, 8 талбайд 5 блок 260 айлын сууц барьж байгаагаас энэ онд эхний хоёр блокийг ашиглалтад орууллаа. 



Өвлийн спортын хоёр наадмыг орон нутагтаа анх удаа зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын Бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, хоёр жилд нэг удаа болдог Монголын Хүүхдийн спортын өвлийн VII наадмыг өнгөрсөн хоёрдугаар сард орон нутагтаа анх удаа зохион байгууллаа. Мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зэс олборлодог болон борлуулдаг, зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уул уурхайн компаниудаа сурталчилж “Зэс фестиваль”-ийг орон нутагт анх удаа зохион байгууллаа.


 

“Смарт Эрдэнэт” платформийг хэрэглээнд нэвтрүүллээ

“Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд  “Смарт Эрдэнэт” платформийг хэрэглээнд нэвтрүүлж  “Цахим төв”-ийг ашиглалтад оруулж төрийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна. Мөн “Багийн хөгжлийг дэмжих  хөтөлбөр”-ийн хүрээнд 26 багт “Багийн цахим” буланг ажиллуулж эхэллээ.



“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 3,3 сая мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймаг 2030 онд хүртэл 20 сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 2022 онд 1,2 сая, 2023 онд 1,8 сая нийт 3,3 сая мод тарив. 



Эрдэнэт хот дулааны төв шугамаа өргөтгөлөө

Улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулаан дамжуулдаг 600 мм-ийн диаметртэй шугамыг сольж 700 мм болгон өргөтгөв. “Эрдэнэт” ДЦС ТӨХК-ийн урдаас аймгийн төв хүртэлх 3,5 км үргэлжлэх дулааны төв шугамыг шинэчилж 6,4 километр үргэлжлэх бохирын III коллекторыг барьж байна.


相关新闻