ХЭНТИЙ: Гурван сум зудын эрсдэлийн түвшин маш их гэж үнэлэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд Галшар, Цэнхэрмандал, Бор-Өндөр сум эрсдэлийн түвшин маш их гэж үнэлэгдээд байна.
Шалтгаан нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мэрэгч амьтад ихэсч бэлчээр талхалсан, зуншлага тааруу болсонтой холбоотой гэж үзэж байгаа юм.
УОК-ын даргын 08 дугаар тушаал, аймгийн Засаг даргын “Нэгдсэн шуурхай штаб” байгуулах тухай 05 дугаар тушаалын дагуу Хүнс хөдөө аж ахуйн газарт “Нэгдсэн шуурхай штаб”-ыг байгууллаа. Тус штаб Хэнтий аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан сумдаас нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээ авахад бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор ажиллах аж.
Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комиссоос салбар хоорондын хамтын ажиллагааг хангуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газарт үүрэг болгов.