Колорадогийн шүүх Трампыг анхан шатны сунгаанд оролцохыг хориглов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /AP/. Колорадогийн Дээд шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тус муж улсаас ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд найрамдах намын сунгаанд оролцохыг хориглолоо.
Энэхүү шийдвэрийг Иргэний дайны дараа батлагдсан 14 дүгээр нэмэлт, өөрчлөлтөд үндэслэн гаргажээ. Уг нэмэлт өөрчлөлтөд Үндсэн хуулийг сахин хамгаална гэж тангараг өргөснийхөө дараа нь "АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол аль нэг муж улсад төрийн алба хашихыг хориглоно" гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг 1861-1865 оны Иргэний дайны дараа өмнөд хэсгийн боол эзэмшигч муж улсуудын талд зэвсэгт мөргөлдөөнд оролцож байсан улстөрчдийн эрхийг хязгаарлах зорилгоор оруулсан байна.
Гэхдээ 11 дүгээр сард Колорадо муж улсын шүүх шийдвэрлэхдээ, Трамп Капитол руу дайрахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн боловч "муж улсын анхан шатны сонгуулийн саналын хуудсанд үлдэх" боломжийг түүнд олгосон юм.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд тухайн үед Америкийн Ерөнхийлөгч байсан Трампыг дэмжигчид 2020 оны 11 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахад саад хийж, АНУ-ын Конгрессын байр луу дайран орж үймээн дэгдээсэн билээ.