USAID-ийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 2 /DW/.АНУ-ын Олон улсын
хөгжлийн агентлагийг /USAID/ хаах шийдвэрийг мягмар гарагт албан ёсоор гаргасан
тухай Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ.
Түүний хэлснээр, Д.Трампын засаг
захиргаа тус агентлагийн хэрэгжүүлсэн олон хөтөлбөрт дүн шинжилгээ
хийсэн бөгөөд USAID хэдэн арван жилийн хугацаанд инфляцийг тооцсоноор 715 тэрбум
гаруй долларыг зарцуулсан байна. Гэсэн хэдий ч хөгжлийн зорилтуудад хүрээгүй
гэдгийг М.Рубио дурдлаа.
Мөн тус агентлагаас хамгийн их
тусламж хүртсэн улс орнууд “хариу үйлдэл” үзүүлээгүй хэмээн тэрбээр буруутгав. Тухайлбал, 1991 оноос хойш
165 тэрбум долларын тусламж авсан Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсууд
НҮБ-ын чухал тогтоолуудыг баталсан тохиолдлуудын дөнгөж 29 хувьд нь АНУ-ын байр
суурийг дэмжсэн байна.
Одоо USAID-ийн зарим үүргийг АНУ-ын Төрийн департаментад шилжүүлснээр “тайлан тооцоог илүү ил тод болгож, илүү сайн стратегийг боловсруулж, илүү үр дүнтэйгээр” ажиллах болно гэж М.Рубио мэдэгдлээ. Гуравдагч орнуудыг дэмжих шинэ загвар нь “тусламжийн оронд худалдаа” гэсэн зарчимд үндэслэх бөгөөд “цаашдаа бидний тусламж хэрэгцээт газрууд руу чиглэж, хөтөлбөрүүд богино хугацаанд хэрэгжих болно” гэдгийг тэрбээр онцолсон байна.
Үүний сацуу USAID хаагдсанаар дэлхий
даяар ирэх таван жилд 14 сая гаруй хүн /5 сая нь 5-аас доош насны хүүхдүүд/ нас барна гэсэн дүгнэлтийг Барселона ба Бразилын Салвадор хотуудын эрдэмтэд хийжээ.
Тус агентлагаас үзүүлж байсан тусламж нь сүүлийн 20 жилийн хугацаанд 92 сая
орчим хүний /30 сая гаруй нь 5-аас доош насны хүүхдүүд/ амийг аварсан байна.
USAID-ийг хаах тухай шийдвэрээ Төрийн
департамент 3 дугаар сарын сүүлчээр Конгресст албан ёсоор мэдэгджээ. Д.Трамп төрийн тэргүүнээр сонгогдож, тангараг
өргөсөн даруйдаа тус агентлагаас гадаад орнуудад үзүүлж буй тусламжийг 90 хоногийн
хугацаанд зогсоож, хөтөлбөрүүд нь Америкийн “үнэт зүйлс”, тус улсын гадаад бодлогын
зорилтуудад хэр
нийцэж буйг шалгажээ. Улмаар нийт хөтөлбөрүүдийн 83 хувийнх нь хэрэгжилтийг
зогсоосон байна.