АРХАНГАЙ: Япон Улсын Оита муж, Коконоэ хоттой аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-19 14:56:33

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүү, “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Дашцэрэн нарын бүрэлдэхүүнтэй баг Япон Улсын Оита муж, Коконоэ хоттой хамтын ажиллагааг өргөжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 13-14-ний өдөр албан ёсны айлчлал хийгээд иржээ.


Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү 2023 оны 9 дүгээр сард Коконоэ хотын дарга болон зөвлөлийн дарга тэргүүтэй 8 хүн Архангай аймгийн Цэнхэр суманд албан ёсны айлчлал хийн, хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байжээ.


Энэхүү айлчлалын хүрээнд Оита мужийн Засаг дарга Сато Киичиро, Оита мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мотоёши Тошихиро, дэд дарга Кизүки Шинжи, Оита мужийн Аялал жуулчлалын газрын дарга Осамү Ватанабэ, Төлөвлөлт хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Оги Таканобү, дэд дарга Камижёо Сатоши, Аялал жуулчлалын бодлого хөгжүүлэлтийн газрын дарга Сакио Ясүдэ зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Архангай аймаг ба Оита мужийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, холбогдох албаны хүмүүсийг албан ёсоор Архангай аймагт ирж танилцахыг урьжээ.


Оита муж нь халуун рашаанаараа алдартай бөгөөд дэлхий дээр байдаг 13 төрлийн халуун рашаанаас ганцхан төрөл нь байдаггүй, халуун рашааны аялал жуулчлал хөгжсөн, Япон болон дэлхийн олон орноос халуун рашаанд орохоор хүмүүс зорин ирдэг газар болсон байна. Коконоэ хот нь Асо-Күжюгийн тусгай хамгаалалттай газарт байрладаг бөгөөд 8536 орчим хүн амтай ч Япондоо хамгийн өндөрт байрлах дүүжин гүүрийг тавьсан, шилмүүст ой бүхий байгалийн үзэсгэлэнт газраар хүрээлэгдсэн, Цэнхэр сумтай олон зүйлээрээ төстэй газар юм. Коконоэ хот нь газрын гүний энерги ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг бөгөөд Архангай аймгаас очсо баг энэхүү цахилгаан станцаар зочлон, үйл ажиллагаатай нь танилцсан байна.


Мөн Коконоэ хотын брэнд болсон Яцүшика архины үйлдвэртэй танилцаж, тусгай хамгаалалттай газар нутагт байх Чёожахарүгийн жуулчны мэдээллийн төв, олон жилийн түүхтэй халуун рашааны амралтын газруудыг үзэж, тэдний үйл ажиллагаа, тохижилттой танилцжээ.


Уулзалтын үеэр 2024 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны хооронд Оита мужийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх, Ара шугамын автобус явах, Ара комплекст зохиох үйл ажиллагаануудын талаар хүмүүст танилцуулж, аяллын хөтөлбөр, аяллын танилцуулга видео, холбогдох зураг, албан ёсны урилгаа гардуулжээ.


Энэхүү найрамдалт харилцааг хөгжүүлснээр халуун рашааны аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчин солилцох, боловсролын салбарт хүүхэд солилцоо хийх зэрэг олон төрлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байсан ба тус мужид монгол гэр бүхий амралтын газар хамтран байгуулж орлогын тодорхой хувийг хамтын үйл ажиллагаанд зарцуулах, Архангай аймаг руу аялах тодорхой аялал гаргаж, заавал эхлүүлэх зэрэг яриа хэлэлцээг хийжээ.


2024 оны 8 дугаар сарын сүүлээр Оита мужаас шууд нислэг хийхээр төлөвлөж, жуулчдад зориулан аяллын бүтээгдэхүүнээ шинэчлэх, сонирхолтой болгох, илүү мэдээлэлтэй болгож, давтан жуулчин нэмэгдүүлэх тал дээр ажиллах шаардлагатай байгааг ажлын баг хэлж байна.

相关新闻