Мьянмарын хойд нутагт түр гал зогсоохоор тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЕЙПИДО, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /Reuters/. Мьянмарын цэргийн хунт болон тус улсын хойд нутаг дахь /Хятадын хилийн ойролцоо/ үндэстний цөөнхүүдийн зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд болж буй байлдааны ажиллагааг түр зогсооход зуучилсан тухайгаа Хятадын тал пүрэв гарагт мэдэгджээ.
Хятадын Гадаад
хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Ниний мэдэгдсэнээр,
Мьянмарын арми болон зэвсэгт бүлэглэлүүд хоорондын хэлэлцээнд Хятад улс зуучилсны дүнд “түр гал зогсоох, яриа
хэлэлцээг үргэлжлүүлэх” тохиролцоонд хүрсэн байна.
Энэ оны 10 дугаар
сарын сүүлчээр Араканы арми /АА/, Мьянмарын үндэсний ардчилсан эвслийн арми /MNDAA/, Таан үндэсний чөлөөлөх арми /TNLA/ зэрэг бүлэглэлүүд хунтын цэргийн эсрэг довтолж эхэлснээр Мьянмарын хойд нутгийн Шан муж даяар мөргөлдөөн ширүүсчээ.
Эдгээр бүлэглэл нь Хятадтай худалдаа хийхэд чухал
ач холбогдолтой хилийн боомт, чухал зангилаа газруудыг эзлэн авсан нь 2021 онд
засгийн эрхийг авснаас хойш цэргийн
хунтынханд тохиолдсон томоохон сорилт гэдгийг шинжээчид хэлж байна.
Хятадын тал даваа гарагт мэдэгдэхдээ "эвлэрлийн хэлэлцээ нааштай үр дүнд
хүрсэн” гэж байсан боловч гал зогсоох тухай огт
дурдаагүй юм. Харин Мао Нин пүрэв
гарагт хийсэн мэдэгдэлдээ “Мьянмарын хойд хэсэгт өрнөж байсан зэвсэгт мөргөлдөөн намжиж байна. Энэ нь бүх талын эрх ашигт нийцээд зогсохгүй Хятад-Мьянмарын хилийн бүсэд амгалан тайван байдлыг хангахад тус дөхөм болно” гэв.
Хятад улс бол цэргийн
хунтын хувьд томоохон зэвсэг нийлүүлэгч, холбоотон нь мөн боловч цэргийн хунт Мьянмар дахь цахим луйврын бүлгүүдийг дарж чадаагүй гэх шалтгаанаар хоёр талын харилцаа ээдрээтэй болжээ. Бээжингийн зүгээс тэдгээр бүлгийг Хятадын иргэдийг хохироосон үйл ажиллагаа явуулдаг хэмээн үзэж байгаа аж.
Шинжээчдийн ярьснаар, Хятад улс Мьянмарын хойд нутгийн үндэстний цөөнхүүдийн зэвсэгт бүлэглэлүүдтэй харилцаагаа хадгалсан хэвээр байгаа бөгөөд үндэстний цөөнхүүдийн зарим нь хятадуудтай садан төрлийн болон найз нөхдийн холбоотой байдаг ажээ. Зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байгаа нутгуудад Хятадын мөнгөн тэмдэгт болон утасны сүлжээг ашигладаг байна.