ТӨВ: 2023 оны ургацын баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-12 09:04:13

Зуунмод, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймаг энэ онд 140.0 мянган га талбайгаас 380.2 мянган тонн ургац хураан авлаа. Өмнөх оноос 18.1 мянган га талбайд нэмж тариалан, 72.7 мянган тонн ургац илүү хураан авсан байна. 


Төв аймаг 2021 онд 435.0 мянган тонн, 2022 онд 308.0 мянган тонн, 2023 онд 380.0 мянган тонн ургац хураан авч улсдаа 3 жил нийт хураан авсан ургацаараа тэргүүлсэн амжилттайгаар 2023 оны ургацын баяраа тэмдэглэв. 


Ургацын баярын үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн үг хэлсэн бол аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл” сэдвээр илтгэл мэдээлэл хүргэлээ.

 

Түүнчлэн салбарынхаа тэргүүний ажилтнуудаа шалгаруулан, газар тариалангийн үйлдвэрлэлийн 2023 оны ургацын шилдгүүдийг алдаршуулав.


Үр тарианы нийт хураан авсан ургацаар тэргүүн байрт Эрдэнэсант сумын С.Энхжаргал захиралтай “Нарт Монгол” ХХК-ийн хамт олон шалгарчээ. Тус хамт олон үр тариа 2200 га-д тариалж нэгжээс 22.7 цн буюу нийт 5000 тн ургац хураан авсан амжилттай байна.


Нийт хураан авсан ургацаар тэргүүлсэн иргэнээр Сүмбэр сумын тариаланч О.Буянжаргал шалгарав. Тэрбээр үр тариа 200 га-д тариалж нэгжээс 15 цн буюу нийт 300 тн ургац хураан авсан байна.

 

Үр тарианы нэгжийн ургацаар:

Нэгжээс хураан авсан үр тарианы ургацаар тэргүүн байрт Заамар сумын Н.Гантулга захиралтай “Ялгуун эрдэнэ” ХХК-ийн хамт олон шалгарав. Тус хамт олон үр тариа 357 га-д тариалж, 1200 тн буюу нэгжээс 33.6 цн ургац хураан авчээ. 

 

Үр тарианы нэгжийн ургацаар тэргүүлсэн иргэнээр тэргүүн байрт Эрдэнэсант сумын тариаланч Г.Соёллхам үр тариа 110 га-д тариалж 235.4 тн буюу нэгжээс 21.4 цн ургац хураан авч шалгарав.

 

Нэгжээс хураан авсан төмсний ургацаар тэргүүн байрт Жаргалант сумын Д.Гантулга захиралтай “Арвин баян жаргалант” ХХК-ийн хамт олон төмс 75 га-д тариалж, 1725 тн буюу нэгжээс 230 цн ургац хураан авч шалгарчээ.

 

Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлд сүүлийн 3 жилд хамгийн өндөр ургац хураан авсан аж ахуйн нэгжээр “Атрын шим” ХХК 700 м.кв талбайгаас 129 тн ургац хураан авсан амжилтаар тэргүүлсэн байна.


Монгол Улс хүнсний ногооны үйлдвэрлэлийн түүхэнд анх удаа 183.0 мянган тонн ургац хураан авч дээд амжилт тогтоосон, түүнчлэн улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг хангаж, сүүлийн 30 жилийн хугацаанд тосны ургамал, тэжээлийн таримлын хамгийн өндөр ургацыг хураан авсан байна. 


相关新闻