Хог боловсруулах үйлдвэрлэлийг төрөлжүүлэх шаардлагатай болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1
/МОНЦАМЭ/. Хог
хаягдлын менежмент дээр аливаа шийдвэр гаргахдаа энэ талаар олон нийтэд урдчилан мэдээлж бэлтгэл ажлыг хангах учиртай. Мөн урамшуулах, хог хаягдал дээр
хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зарчмын үйл ажиллагаа дутагдаж байна.
Энэ талын саналыг Монголын
Хэвлэлийн хүрээлэнд болсон “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох гарц,
шийдэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг дээр мэргэжилтнүүд хэлсэн юм. Зарчмын үйл
ажиллагаа дутагдаж буй дээр “Хоггүй Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн
гишүүн Б.Булган хэлэхдээ, манай
улсад гялгар уутыг хэрэглээнээс хязгаарлаж хориглосон шийдвэрийг жишээ болгож
байлаа. Тодруулбал, хэрэв гялгар уутыг цаашид хэрэглэхгүй байх юм бол түүнийг
орлох зүйлийг бэлдэх, орлуулах зүйл нь юу байх талаар иргэдэд зөвлөж, мэдээлэх хэрэгтэй
гэдгийг хэллээ.
Хэдийгээр хог хаягдалтай холбоотой хууль эрх зүй манай улсад хангалттай байгаа ч хэрэгжилт
тааруу байгааг хөндсөн юм.
Нийслэл Улаанбаатар хотод өдөрт 2800-3000 тонн хогийг төвлөрсөн хогийн 3 цэгт хаяж байна. Мөн хогийн болон хог дахин боловсруулах, ангилан ялгах 30 орчим үйлдвэр байдаг ч үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй үйлдвэрийн тоо тодорхойгүй байна.
Үйлдвэрүүдийн үйл ажиллагааг төрөлжүүлж, үйл ажиллагааны чанар, стандарт, үйлдвэрийн үйл явцыг хянах, хог хаягдал худалдан авалтыг дэмжих механизм дутагдаж байна. Үүнд хог хаягдлын менежментийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд ч орно. Эдгээр байгууллага санхүүжилтийн дэмжлэггүй байна хэмээн “Өнгө нэм” ТББ-ын менежер Д.Наранцэцэг хэлсэн юм. Хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээ, гялгар уут цуглуулах аян зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн тус ТББ гялгар уутыг Гила, хуванцар савыг Хуба, хүнсний хаягдлыг Комбо, шил лаазыг Шилла зэрэг хүүхэлдэйн киноны дүрүүдээр ялган хүүхэд багачуулд хог хаягдлыг ангилан мэдүүлэх нөлөөллийн ажлыг хийж байгаагаа танилцууллаа.
Хог хаягдлын менежментийн хэрэгжилт дээр мэргэжилтнүүд БНСУ-ын жишээг татсан юм. Тус
улсад үйлдвэрлэгчийн хүлээх хариуцлагыг 2000 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Хогийн төлбөрийг хаягдлын хэмжээнээс хамааруулан төлдөг
бөгөөд энэ талын хуулийг 1995 онд гаргажээ. Энд тодруулбал, дахин
боловсруулаагүй буюу дахин боловсруулалтад ордоггүй сав, баглаа боодол
ашигласан бол 130 хувийн өндөр төлбөр төлдөг байна.
Манай улсад хог хаягдлыг хатуу хог хаягдал, эмнэлгийн хог хаягдал, хөдөө аж ахуйн гаралтай хог хаягдал, үйлдвэрийн болон барилгын, аюултай хог хаягдал, уул уурхайн, электрон хог хаягдал гэж хэдхэн ангиллаар төрөлжүүлж ялгадаг. Тэгвэл Өмнөд Солонгос улсад баттерейн хог хаягдал гэхэд 7 төрөл байдаг аж.
Цаашлаад сав, баглаа боодлын төрөлд гэхэд цаас, шилэн сав, лонх, төмөр сав, хөнгөн цагаан лааз, хуванцар (PET, PVC, PE, PP, PS, PSP), хөөс, хөөсөнцөр сав, бусад төрөлд тос масло, дугуй, гэрлийн шил, цахилгаан хэрэгсэл, электрон бараа бүтээгдэхүүний хог хаягдал хэмээн олон төрлөөр англиан авч үзэн ялгадаг байна.
БНСУ-д хог
ангилан ялгаж, цуглуулах тухай хуулийг 1991 онд, Хог хаягдал үүсгэгч төлбөр
төлөх, дахин боловсруулах үйлдвэрт урамшуулал олгох тухай хуулийг 1993 онд
гарган мөрдөж эхэлжээ.