Нидерландын сонгуульд хэт барууны үзэлт нам яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-24 11:53:05

АМСТЕРДАМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /DW/. Нидерландын парламентын сонгуулийн саналын хуудасны 98 хувийг тоолсны дараа хэт барууны үзэлт улс төрч Гирт Вилдерсийн тэргүүлдэг Эрх чөлөө нам (PVV) парламентын нийт 150 суудлын 37-г авчээ.


Зүүний үзэлтэй Ногоон нам ба Хөдөлмөрийн намын эвсэл 25 суудал авч хоёрдугаарт, Ерөнхий сайд асан Марк Рюттегийн Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам” (VVD) 24 суудал авсан байна.


Нидерланд болон Европт Г.Вилдерсийн ялалт томоохон үр дагавар дагуулах төлөвтэй байна. Европын Холбооны (ЕХ) эсрэг үзэлтэй тэрбээр цагаачдын урсгалыг бүрэн зогсоож, ЕХ-нд Нидерландын төлөх төлбөрийг бууруулж, Украин зэрэг шинэ гишүүдийг элсүүлэхийг хориглоно гэж мэдэгджээ.


Г.Вилдерс ялалтаа тэмдэглэж хэлсэн үгэндээ "бид улсаа удирдахыг хүсэж байна, удирдах ч болно" гэж хэлсэн байна.


Саналын хуудсыг 100 хувь тоолж дуусмагц намын дарга нар дараагийн эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөх ёстой. Энэ хэлцлийг PVV тэргүүлж олон намтай зөвшилцөх тул хэдэн сар үргэлжилж магадгүй юм.


Хэрэв VVD болон төвч үзэлтэй хууль тогтоогч Питер Омцигтын NSC намтай эвсэл байгуулбал 81 суудалтай болно. Парламентад олонх болохын тулд 76 суудал авах шаардлагатай юм.


Гэхдээ Г.Вилдерсийг бусад нам дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Сонгуулийн өмнө Нидерландын улс төрын тэргүүлэгч гурван намын удирдагчид PVV-тэй эвсэж ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн юм.


Өмнөх 2021 оны сонгуулийн дараа дөрвөн нам эвсэх тохиролцоонд хүрэхийн тулд 271 хоног буюу есөн сар гаруй болж байлаа.


Уламжлал ёсоор хамгийн олон суудал авсан намын дарга Ерөнхий сайд болдог хэдий ч түүнд энэ суудлыг өгнө гэсэн баталгаа байхгүй. М.Рютте шинэ засгийн газар байгуулагдах хүртэл түр орлон гүйцэтгэгчээр ажиллана.


Эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцсөний дараа намууд эвслийн гэрээнд гарын үсэг зурж, шинэ Засгийн газар төлөвлөгөөгөө парламентаар батлуулсны дараа, парламентын ерөнхий санал хураалтаар шинэ кабинет батлагдах ёстой.


Нидерландын Трамп гэгддэг Г.Вилдерс сонгуулийн сурталгааныхаа үеэр лалын шашинтнууд, цагаачлалын эсрэг, ЕХ-ны эсрэг хэлсэн үгс нь сонгуульд ялахад нөлөөлсөн бололтой. Тэрбээр 1963 онд Германы хилийн ойролцоох өмнөд Венло хотод төрсөн бөгөөд дөрвөн хүүхэдтэй католик шашинтай гэр бүлд өсжээ. Г.Вилдерс 1998 онд VVD намаас улс төрд орж парламентад нэг хүний ​​фракц байгуулж, улмаар 2006 онд хэт барууны үзэлт PVV намыг байгуулжээ.

相关新闻