Оросоос алмааз импортлохыг Европын Комисс хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ, 2023
оны арваннэгдүгээр сарын 16 /VoA/. Европын Комисс ОХУ-аас алмааз болон шингэрүүлсэн шатдаг хий импортлохыг хориглох, мөн
Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг хатуу чанд мөрдүүлэхийн тулд шинээр хориг арга хэмжээ авна гэж Европын Холбооны (ЕХ) дипломатчид лхагва гарагт мэдэгджээ.
Оросын эсрэг энэхүү 12 дахь багц хориг арга хэмжээний хүрээнд тус улсын аж үйлдвэрийн салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх бараа бүтээгдэхүүн, технологийг тус улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх, мөн хэд хэдэн төрлийн металлыг импортлохыг хориглохоор тусгасан бөгөөд эл асуудлыг ЕХ-ны гишүүн 27 улсын төлөөлөгчид баасан гарагт хэлэлцэх гэж байна. Гэхдээ багц хоригийн асуудлаар эцсийн тохиролцоонд хүрэхэд хэдэн долоо хоног шаардагдах бололтой.
ОХУ-аас алмаазыг шууд импортлохыг 2024 оны нэгдүгээр сарын
1-нээс эхлэн хориглох, гуравдагч оронд боловсруулсан Оросын алмаазыг импортлохоос урьдчилан сэргийлэх
зорилгоор гуравдугаар сараас эхлэн хяналтын механизмыг нэвтрүүлэх асуудлыг хоригт тусгасан гэж ЕХ-ны дипломат эх сурвалж
мэдээллээ.
Нэг торх газрын
тосны үнэ 60
ам.доллараас хэтрэхгүй байхаар “Долоогийн
бүлэг”-ээс тогтоосон үнийн дээд
хязгаарыг мөрдүүлэх арга хэмжээг
чангатгахын тулд Оросын нефтийн бүтээгдэхүүний тээврийн болон
даатгалын зардлыг нарийвчлан тайлагнахыг
тээврийн компаниудад үүрэг болгох аж.
Одоогийн байдлаар ОХУ өөрийн "сүүдрийн нууц флот"-ыг ашиглан үнийн дээд хязгаараас бултаж байна гэж тээврийн шинжээчид үзэж байгаа юм. ЕХ-ны нэгэн дипломатч хэлэхдээ “ил тод байдлыг сайжруулж байгаагийн цаад учир нь тээврийн компаниуд өөрсдийн тээвэрлэж буй Оросын газрын тосны бодит үнийг нууцлахаас урьдчилан сэргийлэх явдал юм” гэлээ. Оросын "сүүдрийн флот"-ыг өргөжүүлэхээс сэргийлэхийн тулд ОХУ-д хуучин ба шинэ танкеруудыг нийлүүлэхэд хяналт тавих саналыг Европын Комисс дэвшүүлсэн байна.
Үүний зэрэгцээ ОХУ-ын батлан хамгаалах болон мэдээллийн технологийн салбарын 47 хувь хүн, 72 хуулийн этгээдийг хоригт нэмж оруулахаар төлөвлөжээ. Тэдний дотор Бүгд Найрамдах Башкортостан Улсын тэргүүн Радий Хабиров, Пермийн дарины үйлдвэр, “Вымпел” хөлөг онгоц зохион бүтээх товчоо, Бүх Оросын туршилтын физикийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ульяновск хотын механикийн үйлдвэр, “Aвиастар” нисэх онгоцны үйлдвэр, Казанийн нисдэг тэрэгний үйлдвэр, “ОДК-Кузнецов” хийн турбин хөдөлгүүрийн үйлдвэр, “Туполев” НХН болон бусад компани шинэ хоригт орох төлөвтэй байна.