ДУНДГОВЬ: Бэлчээр усжуулалтыг 0,7 хувиар нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-16 12:33:24
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр энэ онд улсын болон орон нутгийн төсөв, малчдын хөрөнгөөр инженерийн хийцтэй 18 худаг, 30 цооног гарган, 44 энгийн уурхайн худгийг сэргээн засварлаж бэлчээр усжуулалтыг 0,7 хувиар нэмэгдүүлжээ.


Дундговь аймаг 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, нийт нутаг дэвсгэрийн 99,9 хувь нь бэлчээрийн, 87 хувь нь ХАА-н эдэлбэр газар байдаг. Нийт бэлчээрийн талбайд 3751 уст цэг буюу 996 инженерийн хийцтэй, 2756 энгийн уурхайн худаг бий.



2023 онд шинээр 48 худаг гаргаж, улсын төсвөөс 149,2 сая, орон нутгийн хөрөнгөөс 1212,3 сая гаруй төгрөг зарцуулжээ. Харин малчид өөрсдөө 34,0 сая төгрөгийн хөрөнгө гаргасан байна.


Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд бэлчээр усжуулахаас гадна бэлчээрийг хамгаалах, хаших, малын тэжээл тариалах  асуудал мөн яригддаг. Тус аймгийн УЦУОШТ-ийн гаргасан судалгаагаар нийт нутгийн 26.7 хувьд бэлчээрийн нөөцтэй, 29.9 хувьд  бэлчээр хүрэлцээтэй, 41.3 хувьд  даац 1-3 дахин хэтэрсэн, 2 хувьд 3-5 дахин хэтэрсэн гэж тодорхойлжээ.


Хэдийгээр энэ жил ихэнх сумын нутгаар зуншлага харьцангуй  сайн байж, бэлчээрийн гарц нэмэгдсэн ч үлийн цагаан оготно их байгааг малчид онцолж байна. Тиймээс аймгийн ХХААГ, мэргэжлийн байгууллагуудтай хамтран үлийн цагаан оготно ихээр тархсан Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрцогт, Дэрэн, Сайнцагаан,Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумын 10,0 мянган га талбайд микробиологийн аргаар,  30 мянган га талбайд энгийн механик аргаар устгах ажлыг зохион байгуулжээ.


Түүнчлэн Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай сумын 36 малчин өрх өвөлжөө, хаваржааныхаа дэргэдэх 567 га талбайг хашиж, Баянжаргалан, Гурвансайхан, Луус, Сайнцагаан, Сайхан-Овоо, Хулд, Цагаандэлгэр, Эрдэнэдалай суманд нийт 15,9 га талбайд тэжээлийн ургамал тариалж 15,8 тн ургац хураан авлаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 



相关新闻