Kyodo: Ж.Байден, Ши Жиньпин нар Сан-Францискод уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-08 15:13:57

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /Bloomberg/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 11 дүгээр сарын 15-нд Сан-Франциско хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын хэлэлцээ хийнэ гэж Kyodo агентлаг мэдээлэв.


АНУ-ын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтныг эш татан Японы мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Ж.Байден, Ши Жиньпин нарын уулзалтын эцсийн бэлтгэлийг базааж байгаа бөгөөд энэ нь талуудын хувьд сүүлийн нэг жил орчмын хугацаанд хийж буй анхны нүүр тулсан хэлэлцээ болох юм.


Хятадын тал Ши Шиньпинийг АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох эсэх талаар мэдэгдэл хийгээгүй байгаа боловч хоёр удирдагчийг уулзана гэж Цагаан ордон мэдэгдсэн юм. Өнгөрсөн сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, хоёр орон уг уулзалтыг биеллээ олоход “автомат жолоодлого”-д найдаж болохгүй гэсэн байна.


Ши Жиньпин ирэх долоо хоногт Сан-Францискод Америкийн бизнесийн салбарын манлайлагчдын барих зоогт хүндэт зочны хувиар оролцох төлөвтэй байгаа талаар Bloomberg агентлаг өмнө нь мэдээлсэн юм.


АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын үеэр эн тэргүүнд чухалчлах зүйл бол гадаадын хөрөнгө оруулагчдыг тайвшруулах явдал юм. Геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн удаашрал, түүнчлэн ажилчдыг баривчилж саатуулах зэрэг асуудлаас шалтгаалан Хятад дахь барууны орнуудын бизнесийн салбарын удирдлагууд тус улсад бизнес эрхлэхдээ эргэлзэх нь нэмэгдэж байгаа нь сүүлийн үеийн судалгаануудаас харагдах болжээ.

相关新闻