УИХ-ын дарга Г.Занданшатар “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумын салбар хуралдаанд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-07 17:44:58

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумын үеэр төмөр замын салбар хуралдааныг нээж, үг хэлэв.


Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын парламент эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санаа нь органик болон процессын хууль болон хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь зам тээврийн салбар дахь эрх зүйн шинэчлэл юм.


Энэ оны долдугаар сард Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчлэн баталснаар төмөр замын салбарын хөгжлийг тэтгэх эрх зүйн хөшүүрэг бий болж, тээврийн аюулгүй байдал хангагдан, технологийн дэвшил хурдсах бодит боломж бүрдсэн. Манай улсын хувьд бүс нутаг дахь газар зүйн байршил болон дотоод, гадаад онцлог хүчин зүйлсийг харгалзан тээвэр, логистикийн холболтыг өргөжүүлснээр дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлж, дэлхийн худалдаа, эдийн засгийн сүлжээд идэвхтэй оролцох, улсын эдийн засгийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.


Энэ хүрээнд Ази, Европыг холбосон ачаа тээврийн урсгалыг сайжруулж, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой “ТРАНЗИТ-МОНГОЛ” хөтөлбөрийг дэвшүүлсэн. Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг шинээр байгуулснаар тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болно” гэв.  

相关新闻