БУЛГАН: “Түүх, соёлын асуудал” эрдэм шинжилгээний хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-07 14:01:57

Булган, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/.  ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ИТХ, ЗДТГ, Талын язгууртан сан хамтран хошуу нутаг судлалын цуврал 14 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг “Сайн ноён хан аймгийн Хатанбаатар Дархан засгийн хошуу: Түүх, соёлын асуудал” сэдвээр 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Соёлын төвд зохион байгууллаа.


 

Тус хуралд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Архивын Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архив, Батлан хамгаалахын төв архив, Соёлын өвийн Үндэсний төв, Булган аймгийн музей, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургууль зэрэг судалгаа, сургалтын байгууллагын судлаачид Сайн ноён хан аймгийн Хатанбаатар Дархан засгийн хошууны түүх, шашин, соёл, архивын баримт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын уг эх, өвөг дээдэс, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын засаг захиргаа, аж ахуй, соёл, Хутаг-Өндөр сумын нутаг дахь археологийн дурсгал, сүм хийд, лам нар, Хутаг-Өндөрчүүд батлан хамгаалах үйлсэд зэрэг сэдвийн хүрээнд 18 илтгэл хэлэлцүүлэв.  


Хурлын үеэр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор (Ph.D), профессор Г.Мягмарсамбууд Булган аймгийн дээд шагнал “Хатанбаатар" одонг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гардуулав.

 

"Хошуу нутаг судлал" цуврал эрдэм шинжилгээний 2023 оны хурал Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас эхэлж, мөн тус аймгийн Хутаг-Өндөр суманд болж буй хурлаар өндөрлөж байна. Ирэх жил 2 хошууны хурал хийчихвэл тус цуврал хуралд бүх сумаа хамруулсан анхны аймгаар Булган аймаг тодрох юм.


Эрдэм шинжилгээний хуралд тус аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), дэд профессор Ц.Цэрэндорж Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцлоо.



相关新闻