Берлинд буух ёстой 6 зорчигч нислэгээсээ хоцорчээ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар-Берлин чиглэлд ниссэн МИАТ-ын онгоц замдаа Новосибирскт ямар шалтгаанаар саатсан талаар МИАТ компани болон ЗТЯ-наас мэдээлэл хийв.
"10 дугаар сарын 3-ны төлөвлөгөөт нислэгээр Новосибирскт нэг цаг зогсоод цааш Берлинд хүрэх байв. Гэтэл 10 дугаар сарын 2-ны орой бидэнд и-мэйлээр онгоцыг хил гаалийн үзлэгт оруулах шаардлага гарсан тул хоёр цаг зогсооно гэсэн. Бид Новосибирскт хоёр цаг зогсоно гэж төлөвлөж ниссэн ч зорчигчдын ачааг хилийн үзлэгт оруулснаас үүдэн нислэг хоцорсон. Манай талаас таван улсын иргэний нисэхийн байгууллагуудаас есдүгээр сарын 29-нд захиалгат нислэгийн зөвшөөрөл авсан. Учир нь Новосибирск хотод болж буй Монголын соёлын өдөрлөгт НЗДТГ-ын 24 төлөөлөгч оролцохын тулд захиалгат нислэг явуулах хүсэлтийг есдүгээр сарын 17-нд албан ёсоор хүлээн авсан. Гэтэл хил гаалийн үзлэгээс болж Берлинд буух ёстой 6 иргэн нислэгээс хоцорсон. МИАТ компаниас нислэг хоцорсны улмаас гарсан зардал болох 1600 еврог холбогдох журмын дагуу олгосон" хэмээн МИАТ компанийн Нислэг, техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд ярилаа.
Харин ЗТЯ-ны Тээврийн хяналт, бүртгэлийн газрын дарга Н.Жаргал ярихдаа, “ Захиалгат нислэгтэй холбоотой бичиг баримтуудыг шалгаж хууль дүрмийн дагуу болсон гэж дүгнэсэн. МИАТ компанид захиалгын нислэг үйлдэхдээ холбогдох байгууллагуудтай уялдаа холбоогоо сайжруулах, зорчигчдын цагийг тооцоолон үйл ажиллагаа явуулах чиглэл өгсөн” гэлээ.
Б.Заяа
注释